Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулж, өнөөдөр нээлээ.
Нээлтэд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр үг хэлэхдээ, “Монгол Улс хөрөнгө оруулагчдад илүү ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэг, чиглэлийн дагуу хөрөнгө оруулагчдын дуу хоолойг төрд шууд хүргэх, тэдний эрх ашгийг хамгаалах механизмыг бүрдүүлэх нь чухал. Эдийн засгийг тэлэх, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, ажлын байр бий болгох зорилтууд хөрөнгө оруулалттай салшгүй холбоотой бөгөөд энэ үйл явцад хувийн хэвшлийн манлайлал чухал үүрэгтэй. Гэвч өнөөгийн хөрөнгө оруулалтын орчин хангалттай таатай бус байгаа тул хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх бодлогын цогц шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна” хэмээв.
Засгийн газар өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн хөрөнгө оруулалтын бодлого, хамтын ажиллагаанд дүгнэлт хийж, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Худалдааны тухай хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн төрийн хяналт шалгалтыг ойлгомжтой, зөвлөж дэмжсэн, урьдчилан сэргийлэх, эрсдэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх реформыг хэрэгжүүлж, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн байна. Эдгээр нь эдийн засгийн эрх чөлөөг дэмжиж, Монгол Улсыг бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй улс болгох зорилготой аж.
Шинээр байгуулсан төв нь хөрөнгө оруулагчдад шаардлагатай хууль, эрх зүйн мэдээллийг нэг цэгээс хүргэх, ил тод байдлыг хангах, шүүхийн шатанд хүрэхээс өмнө санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах юм байна. Монгол Улсад бизнесийн харилцааг зохицуулж буй 200 гаруй хууль, тэдгээрийн дотор гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хязгаарлаж буй 40 орчим зохицуулалт байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчдын бодит асуудлыг төрд уламжилж, шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлэх ажээ. Мөн туршлага, мэдээлэл солилцох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, өмчийн халдашгүй байдлыг хамгаалах, бизнес дэх төрийн оролцоог зохистой түвшинд хүргэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана. “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг байгуулснаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын тогтвортой, ил тод, таатай орчныг бүрдүүлэхэд бодит дэмжлэг болохын сацуу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэж үзэж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!