ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 13 /Reuters/. “Google” компанийн толгой компани болох Alphabet-ын зах зээлийн үнэлгээ даваа гарагт 4 их ам.доллароос давжээ. Ингэснээр тус компани Nvidia, Microsoft, Apple-ийн дараа энэ босгод хүрсэн дэлхийн дөрөв дэх компани боллоо.
Үүнээс өмнө Alphabet компани 2019 оноос хойш анх удаа зах зээлийн үнэлгээгээрээ Apple-ийг ардаа орхиж, энэ үзүүлэлтээр Америкийн график процессор үйлдвэрлэгч Nvidia-гийн дараа дэлхийд хоёрдугаарт бичигдсэн юм.
Өнгөрсөн онд Alphabet-ын хувьцааны ханш 65 орчим хувиар өсжээ. Энэхүү амжилт нь тус компани хиймэл оюун болон үүлэн технологид илүү их хэмжээний хөрөнгө оруулсан, мөн Gemini 3 хиймэл оюуны шинэ загвараа гаргасантай холбоотой хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. Мөн 2025 оны есдүгээр сард АНУ-ын шүүхээс Chrome хөтөч болон Android гар утасны үйлдлийн системд тавих хяналтаа хадгалж үлдэхийг зөвшөөрсөн нь ханшид нөлөөлсөн байна.
Samsung Electronics компани энэ онд Gemini-д суурилсан хиймэл оюуны функцтэй гар утасны төхөөрөмжүүдийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!