Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр (2023.04.06) БНСУ-ын Сөүл баталгааны даатгал компанийн дэд захирал Хуан Иы Таг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар талууд даатгагчийн баталгааны үйлчилгээний талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах, туршлага солилцох боломжуудын тухай ярилцлаа.
Улсын Их Хурлаас өнгөрсөн оны 12 дугаар сард Даатгалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хууль өнгөрсөн нэгдүгээр сарын 30-аас хэрэгжиж эхэлсэн юм. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Монголын Үндсэний давхар даатгал” ХК, “Сөүл баталгааны даатгал” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хамтран ажиллах санамж бичиг байгуулсанд баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр, манай улс санхүүгийн зах зээлд тодорхой хэмжээний шинэчлэл хийх шаардлагатай байгаа. Даатгалын баталгааны хувьд олон улсын зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг улсдаа нэвтрүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох үүднээс энэхүү хуулийг санаачилж, батлуулсан. Энэ салбар хөгжихийн хэрээр бүхий л салбаруудад энэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтэрнэ гэж харж байгаа. Тэр хэмжээгээрээ улсын эдийн засаг тэлэх томоохон үүд хаалгыг даатгалын баталгааны үйлчилгээгээр нээж өглөө гэж харж байгаа. Шинэ зах зээл учраас маш их ирээдүй бий гэдэгт итгэлтэй байна. Олон жилийн туршлагатай танай хамт олон хамтран ажиллаж, туршлагаа хуваалцан тусламж дэмжлэг үзүүлэх болсонд таатай байна хэмээв.
“Сөүл баталгааны даатгал” компанийн дэд захирал Хуан Иы Таг, бид Монгол Улсын давхар даатгалын компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна хэмээгээд даатгалын баталгааны бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд төрийн оролцоо маш их дэмжлэг болдог. Цаашид бодлогын хувьд дэмжин ажиллахыг хүсье. Энэ үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэхийн төлөө шамдан ажиллах болно хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.