МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 21. /ТАСС/. Канад, АНУ-ын багууд өвлийн Олимпын XXV наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээний финалд өрсөлдөхөөр шалгарлаа.
Хагас шигшээ тоглолтод канадчууд өмнөх 2022 оны Олимпын аварга Финландын шигшээ багийг 3:2 харьцаагаар, АНУ-ын баг Словакийн шигшээг 6:2 харьцаагаар тус тус хожжээ.
Финалын тоглолт ням гаргийн 21:10 цагт /Улаанбаатарын цагаар/ эхэлнэ.
Канад, АНУ-ын багууд Олимпын финалд 3 дахь удаагаа тоглох гэж байна. Өмнө нь 2002 онд АНУ-ын Солт-Лейк-Сити хотод болсон тоглолтод канадчууд 5:2-оор, 2010 онд Канадын Ванкуверт болсон финалд талбайн эзэд нэмэлт цагт 3:2-оор хожиж байжээ. Тухайн үед шийдвэрлэх гоолыг оруулсан Сидни Кросби энэ удаагийн Олимпод багийн ахлагчаар оролцож байна. Тэрбээр гэмтлийн улмаас хагас шигшээ тоглолтыг алгасчээ.
Канадын хоккейн шигшээ баг Олимпын наадамд 9 удаа түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 оны Сочигийн наадамд аваргалсан байна. Харин америкчууд 1960 ба 1980 онуудад хоёр удаа түрүүлжээ.
Олимпын хүрэл медалийн төлөө Словак, Финландын багууд өрсөлдөх бөгөөд тоглолт 21-нээс 22-нд шилжих шөнийн 03.40 минутанд /Улаанбаатарын цагаар/ эхэлнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!