ТЕЛЬ-АВИВ, 2026 оны хоёрдугаар сарын 28 /Reuters/. Иранд өрссөн цохилт өгсөн гэдгээ Израил мэдэгдлээ. Ингэснээр Ойрх Дорнод дахь нөхцөл байдал зэвсэгт мөргөлдөөний шинэ үе шатанд шилжиж, Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх итгэл найдвар улам бүдгэрч байна.
“New York Times” сонин АНУ-ын албаны хүний ярьсныг эш татан мэдээлснээр, Иран дахь байгууламжуудад АНУ агаарын цохилтууд өгсөөр байгаа ажээ. Энэ үед Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Тегеранаас гарч, аюулгүй газарт очсон байна.
Өнгөрсөн оны зургадугаар сард Израиль, Ираны хооронд 12 хоног үргэлжилсэн агаарын дайны дараа АНУ болон Израилын зүгээс "цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоохгүй бол дахин цохилт өгнө" хэмээн Иранд удаа дараа анхааруулж байсан юм.
Израилын Батлан хамгаалахын сайд Израиль Кац энэхүү ажиллагааг “улс оронд нүүрлэсэн аюулыг зайлуулах зорилгоор хийж буй урьдчилан сэргийлэх алхам” гэж тодорхойлжээ.
Тус улсын Батлан хамгааллын яамны хэлснээр, уг ажиллагааг Вашингтонтой хамтран хэдэн сарын турш төлөвлөж, товыг нь хэдэн долоо хоногийн өмнө тогтоосон байна.
Өнөөдөр өглөө Тегеранд дэлбэрэлтийн чимээ сонсогдож, Израил даяар орон нутгийн цагаар 08:15 цагт түгшүүрийн дохио дуугарч эхэлжээ. Израилын арми иргэдэд хандан пуужингийн дайралтаас сэргийлж, бэлэн байдалд байхыг анхааруулан, сургууль, ажлын байруудыг хааж, агаарын орон зайгаа түр хаасан байна.
Хэдийгээр энэ оны хоёрдугаар сард АНУ болон Иран дипломат яриа хэлэлцээгээ сэргээж, цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийхийг хичээж байсан ч Израилын тал хатуу байр суурь баримталсаар байв. Тодруулбал, аливаа хэлэлцээ нь Ираны уран баяжуулалтыг зогсоох төдий бус харин дэд бүтцийг нь бүрэн нураах, пуужингийн хөтөлбөрт нь хязгаарлалт тогтоох ёстой гэж үзсээр ирсэн юм.
Харин Ираны тал хориг арга хэмжээг цуцалсны хариуд цөмийн хөтөлбөрөө хязгаарлах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсний сацуу пуужингийн хөтөлбөрийг үүнд хамааруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн Тегеран өөрийгөө хамгаалах эрхтэйг сануулаад, Америкийн цэргийн баазуудыг байршуулж буй хөрш орнууддаа хандан, хэрэв Вашингтон Иранд цохилт өгвөл хариу арга хэмжээ авна гэж анхааруулж байв.
Өнгөрсөн зургадугаар сард АНУ Израилын цэргийн ажиллагаанд нэгдэж, Ираны цөмийн байгууламжууд руу довтолсон нь тус улсын эсрэг хийсэн Америкийн цэргийн хамгийн эхний шууд ажиллагаа болсон билээ. Тухайн үед Ираны тал Катар дахь АНУ-ын "Аль Удейд" цэргийн нисэх хүчний бааз руу пуужин харваж байсан юм.
Барууны гүрнүүд "Ираны баллистик пуужингийн хөтөлбөр нь бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулж, цөмийн зэвсэг багтаах чадамжтай" гэж үзэж байгаа бол Тегеран цөмийн бөмбөг бүтээх зорилгогүй гэдгээ мэдэгдсээр байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Энх-Од

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!