Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Италийн Милан, Кортина хотод өвлийн паралимпын наадам энэ сарын 6-15-нд болно.
Энэхүү наадамд манай улсаас цанын төрөлд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцох юм. Тодруулбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг өрсөлдөнө. Тэднийг үдэх ёслол өнөөдөр боллоо.
Монголын баг тамирчдыг төлөөлж Б.Цэрэнпунцаг, Б.Ганболд нар тангараг өргөсөн бол УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Монгол Улсын төрийн далбааг “Милан-Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн тугч пара гүйлтийн цанын тамирчин Ц.Дашдоржид гардуулав.
Өвлийн паралимпын түүхт 50 жилийн ойтой давхцах энэхүү наадмын нээлтийн ёслолыг МЭ-30 онд барьсан түүхэн Ромын амфитеатр болох “Арена ди Верона”-д зохион байгуулна. Энэхүү ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгууламж нь олимпын хаалтын ёслолыг мөн хүлээн авсан билээ. Энэ удаагийн наадамд 50 орчим орны 660 гаруй тамирчин спортын зургаан төрөлд 79 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд шинээр тэргэнцэртэй кёрлингийн холимог хосын төрөл багтжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!