ИСЛАМАБАД, 2026 оны дөрөвдүгээр сарын 12 /DW/. Пакистаны нийслэл Исламабад хотод болж буй АНУ, Ираны төлөөлөгчдийн хэлэлцээ Ормузын хоолойг хянах асуудлаас үүдэн мухардалд орсон байна. Энэ тухай хэлэлцээний явцыг сайн мэдэх хоёр эх сурвалжаас эш татан “Файнэншл Таймс” сонин мэдээлжээ.
Нэг эх сурвалжийн ярьснаар, Ираны тал Ормузын хоолойг хянах, түүгээр өнгөрч буй хөлөг онгоцуудаас хураамж авах гэсэн байр суурин дээрээ хэвээр байгаагийн зэрэгцээ уг хоолойг “хамтран хянах” талаар АНУ-ын дэвшүүлсэн саналаас татгалзсан байна.
Ормузын хоолойн асуудлаар Вашингтоны тавьж буй шаардлага нь “хэтэрхий хатуу” байна хэмээн Техран үзсэн тухай Ираны төрийн мэдлийн Фарс агентлаг хэлэлцээний багт ойр байдаг эх сурвалжаас эш татан мэдээлжээ. “Дайны 40 хоногт олж авч чадаагүй зүйлээ АНУ хэлэлцээний замаар хялбархан авахыг хүсэж байна” гэж тус агентлагийн Телеграм сувагт байршуулсан нийтлэлд бичсэн байна.

зураг дээр: Ираны төлөөлөгчид
СNN агентлагийн мэдээлснээр, хэлэлцээ өчигдөр шөнө хүртэл явагдсан бөгөөд ням гарагт үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. Зөвлөлдөөн “шинжээчдийн үе шатанд” шилжсэн тухай Ираны засгийн газар мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, цэрэг, хууль эрхзүй, цөмийн асуудлаар дагнасан хороод хэлэлцээний үйл явцад оролцож эхэлжээ.
Хэлэлцээнд оролцож буй Америкийн төлөөлөгчдийг Ж.Д.Вэнс ахалж, бүрэлдхүүнд нь Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стивен Уиткофф, Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нар багтсан байна. Ираны төлөөлөгчдийг парламентын спикер Мохаммад Багер Галибаф, Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар тэргүүлж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Вэнс, Уиткофф, Кушнер ба Галибаф, Арагчи нарын уулзалтад Пакистаны армийн Жанжин штабын дарга оролцжээ.
Хэлэлцээний явцад Ормузын хоолойноос гадна 450 кг орчим өндөр баяжуулсан ураныг АНУ-д шилжүүлэх өгөх, бүс нутгийн холбоотнуудаа Иран улс дэмжихээ зогсоох, Ираны пуужингийн хөтөлбөр, Америкийн хоригийг цуцлах зэрэг асуудлуудыг хөндсөн байна. Мөн Ливаны өмнөд нутагт явуулж буй Израилын цэргийн ажиллагааг зогсоох асуудлыг хэлэлцжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!