БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 15 /Reuters/. Худалдаа, Тайвань, Иран зэрэг асуудлаар хэлэлцээ хийснийхээ дараа БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Бээжингийн хэрмээр хүрээлэгдсэн "Жуньнаньхай" цогцолбор дахь олон зуун жилийн настай моддыг үзүүлж, дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хамтдаа зугаалав.
Урьд нь эзэн хааны цэцэрлэгт хүрээлэн байсан, одоо эрх баригч Коммунист нам болон Төрийн зөвлөлийн (Хятадын Засгийн газар) ажлын байр байрладаг энэхүү цогцолбор нь нийслэлийн алдарт Хориотой хот болон Тяньаньмэний талбайтай залгаа оршдог.
Санамсаргүйгээр асаалттай байсан микрофоноор удирдагчдын яриа сонсогдсон бөгөөд зарим мод 1 000 жилийн настай болохыг сонсоод Д.Трамп ихэд гайхаж буйгаа илэрхийлсэн байна.
“Энд байгаа бүх мод дор хаяж 200-300 жилийн настай. 400-гаас дээш настай мод ч бий” хэмээн Ши Жиньпин орчуулагчаараа дамжуулан, өндөр сүрлэг моддыг заан хэлжээ.
Д.Трамп хариуд нь "мод ийм удаан насалдаг гэж үү?" хэмээн асуухад “өөр газруудад 1000 жилийн настай мод ч бий” хэмээн Ши Жиньпин хэлжээ.
Трамп энэ цогцолборт гадаадын бусад удирдагчдыг хүлээн авдаг эсэхийг асуухад Ши "Маш ховор" гэж хариулжээ."Эхэндээ бид энд дипломат үйл ажиллагаа огт зохион байгуулдаггүй байсан. Сүүлд зохион байгуулдаг болсон боловч маш ховор. Жишээ нь, Путин энд ирж байсан" гэж тэрбээр хэлсэн байна.
Дараа нь тэрбээр Д.Трампыг 280 жилийн настай модонд хүрэхийг урихад Д.Трамп "Сайхан байна. Надад таалагдаж байна" хэмээжээ.
Энэ нь улс орнуудын тэргүүн нарын хоорондын албан бус харилцааг харуулсан ховор агшин байлаа. Өнгөрсөн есдүгээр сард ийм "нээлттэй микрофон"-оор Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Тяньаньмэний талбай руу цэргийн парад үзэхээр алхаж явахдаа эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, хүн 150 нас хүртэл амьдрах боломжийн талаар ярилцаж байсныг бичиж авч байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!