ЖЕНЕВ, 2026 оны зургаадугаар сарын 1 /TASS/. Финландын шигшээ баг хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шувтаргын тоглолтод Швейцарын багийг нэмэлт цагт 1:0-ээр хожлоо. Энэ удаагийн тэмцээн Швейцарт болсон юм.
Тоглолтын 71 дэх минутад Конста Хелениус хожлын шайбыг оруулжээ.
Финландын шигшээ баг ДАШТ-д тав дахь удаагаа түрүүллээ. Финландчууд өмнө нь 1995, 2011, 2019, 2022 онуудад алтан медаль хүртэж байв. Ингэснээр Финландын хоккейчид ДАШТ-д түрүүлсэн тоогоор ОХУ-ын шигшээ багтай тэнцэж байна. ЗХУ задарсны дараа Оросын шигшээ мөн таван удаа буюу 1993, 2008, 2009, 2012, 2014 онуудад түрүүлж байсан юм.
Харин Швейцарын шигшээ баг түүхэндээ зургаа дахь удаагаа, мөн гурван жил дараалан дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Тэд өмнө нь 1935, 2013, 2018, 2024, 2025 оны тэмцээнүүдэд хоёрдугаар байр эзэлж байсан юм.
Энэ удаагийн ДАШТ-ий хүрэл медалийг Норвегийн баг түүхэндээ анх удаа хүртлээ. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод норвегчууд ДАШТ-д хамгийн олон түрүүлсэн (28 удаа) Канадын багийг нэмэлт цагт 3:2-оор буулган авчээ. Өнгөрсөн оны дэлхийн аварга АНУ-ын баг шөвгийн наймд канадчуудад 0:4-өөр хожигдсон байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Цюрих, Фрибур хотуудад боллоо. 2027 оны тэмцээнийг Германы Дюссельдорф, Мангейм хотуудад зохион байгуулна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!