Монгол Улсын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын дунд IPv6 хаягийн нэвтрэлт 5-6 хувийн хооронд хэлбэлзэж байна.
IPv6-д шилжих нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд, ялангуяа технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Иймд ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тэй хамтран “Монгол улсын интернэтийн сүлжээг IPv6 хаягжилтад шилжүүлэх төлөвлөгөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаран: “”Интернэт протокол хувилбар IPv4 хаяглалтын нөөц 2015 онд дууссан, цаашлаад өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчдийн тоо, үүрэн холбооны 4G болон 5G сүлжээний нэвтрэлт, түүнд суурилсан интернэтийн хөгжил, аюулгүй байдал зэргээс хамаараад Интернэтийн протокол хувилбар IPv6 хаягжилтыг яаралтай нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэхүү шинэ хаягжилтыг нэвтрүүлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэх, харилцаа холбоо, технологийн салбарын гол цөм болсон инженер, техникийн мэргэжилтнүүдэд сургалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэв.
Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв /APNIC/-ийн Стратегийн газрын захирал Луис Пабло: “Монгол Улс IPv6 хаягт шилжихэд боловсон хүчин, техникийн хувьд бэлэн болжээ. IPv6 хаягт шилжихэд технологи, нууцлалын хувьд маш сайн шийдэлтэй болсон. IP хаяг бол хүн бүрт оноосон регистрийн дугаар биш. Энэ нь маш олон сая хаягаас байнга сольж, шинэчлэгдэж байдаг хаяг бөгөөд зөвхөн интернэт сүлжээн дэх төхөөрөмжүүд хоорондоо ярих хаяглалт юм” гэж онцоллоо.
Хэлэлцүүлэгт УБЕГ, И-Монгол академи УТҮГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Дата төвүүд, Банкуудын төлөөлөл оролцлоо.