Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Азид, тэр дундаа Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.
Уулзалтыг ХБНГУ, БНФУ хамтран зохион байгуулж байгаа ба Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок, Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна нар биечлэн оролцох юм.
Түүнчлэн Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор, Австралийн Холбооны Улсын Жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд С.Кэмпбэлл, Бүгд Найрамдах Мозамбик Улсын Элчин сайд Ана Немба Уаине болон Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэргийн асуудал эрхэлсэн захирал С.Оюун, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хэмилтон, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмид нар оролцож байна.
Түүнчлэн Зүүн хойд Азийн бүс нутгийн болон феминист, феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлдэг Андоррын Хант Улс, БНАСАУ, Бүгд Найрамдах Перу Улс, БНСУ, Люксембургийн Их Гүнт Улс, Нидерландын Хаант Улс, Монакогийн Хант Улс, Шинэ Зеланд Улс, Япон Улс, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж. Мохаммед, НҮБ-ын Орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима зэрэг 10 гаруй төлөөлөгчид цахимаар оролцож байна.
Уулзалтын нээлтийн ажиллагаанд гадны зочид төлөөлөгчдөөс гадна дотоодын төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын 400 орчим төлөөлөгчид оролцов.
Төлөөлөгчид 3 сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидын эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн эмэгтэйчүүд, охидын сурч боловсрох, эдийн засгийн хувьд чадавхжих зэрэг үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашдын үүрэг амлалт, хамтын ажиллагааг тодорхойлсон төгсгөлийн баримт бичиг гаргана.
Зарим улсын сайд нар уулзалтад оролцохын сацуу ажлын айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.