Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газраас хамтран боловсруулж, өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /2023-2030 он/”-ийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэх, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх” зорилт тусгагдсан.
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 51 дүгээр тогтоолоор анх баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 онд дуусаж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ дунджаар 75 хувьтай гарсан. Ийнхүү уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр Монгол Улсын авлигатай тэмцэх ажилд ахиц гарч, тодорхой үр дүнгээ өгч байгаа бөгөөд хөтөлбөрт тусгасан авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулж, хэрэгжилтийг сайжруулах, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг энэхүү үндэсний хөтөлбөрөөр хараахан хүрээгүй, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай зарим үйл ажиллагаа, арга хэмжээ хүлээгдэж байна.
Түүнчлэн ”Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр боловсруулан гаргадаг Авлигын төсөөллийн индексийн дүнгээр 180 орноос Монгол Улс 2017 онд 103, 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 35 оноо авч 111, 2021 онд 35 оноо авч 110, 2022 онд 33 оноо авч 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
Иймд дээрх хэрэгцээ, шаардлагад үндэслэн уг хөтөлбөрийн төслийг авлигатай тэмцэх талаарх төрийн бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааг цогцоор авч үзэн, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зарчмыг баримтлан боловсруулсны зэрэгцээ Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас 2023 онд зарласан авлигатай тэмцэх “5Ш ажиллагаа” зэрэг арга хэмжээтэй уялдуулан 11 зорилгыг тодорхойллоо.
Тухайлбал, улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг сайжруулах, олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх, хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх, авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулах, авлигын гэмт хэрэг болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөв, санхүү, аудитын хяналтыг сайжруулан, худалдан авах ажиллагаанд авлигын эрсдлийг бууруулах, ьөрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн, ил тод, үр ашигтай, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх, Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулах, гамшгаас хамгаалах, онц байдлын үеийн үйл ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагааг тусгав.
Хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон зорилго, зорилтыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр авлигын индексэд ахиц гарах, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдэх, иргэдийн орлого өсөж, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхэжсэн байна гэж үзсэн болно.