Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдлагын баг ажиллаж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлт болон лавлагаа шатлалын үйл ажиллагаатай танилцан туршлага судаллаа.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах “Өвөрхангай аймгийн БОЭТ нь ГССҮТ-тэй байнгын хамтын ажиллагаатай байгууллага. Орон нутагт хэрэгжүүлэх анхны төсөл маань тус аймгаас эхэлж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх болон яаралтай үед үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ажлыг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд орон нутагт бүртгэгдэх осол гэмтлийн тохиолдол буурч, тусламж үйлчилгээний чанар хүрээмж нэмэгдсэн нь бий.
Эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт нь хүний нөөц, орон нутгийн онцлог, газар зүйн байршил зэрэг олон зүйлээс хамаарч харилцан адилгүй хэрэгжиж байгааг салбарын сайд онцолсон. Тиймээс санхүүжилтийн шинэчлэл рүү шилжих үйл явцад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгарах бэрхшээлийг зөв тооцож, суурь бэлтгэлтэй байх нь хамгийн чухал юм. Эрүүл мэндийн салбарын гол зорилго бол хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг аврах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байдаг. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжсэнээр тусламж үйлчилгээний чанар хүртээмж, ажлын гүйцэтгэл нэмэгдэхээс гадна байгууллагын хөрөнгө оруулалт, ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал, орчин нөхцлийг сайжруулах давхар боломж бүрдэж байна. Тиймээс та бүхэн маань өөр өөрсдийнхөө чиглэлээр туршлага судалж, хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлнэ” хэмээн БОЭТ-ийн удирдлагын багт амжилт хүсэв.
Түүнчлэн энэ өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, сэлгэн ажиллуулж чадавхижуулах, тусламж үйлчилгээний чиглэлээр ажлын байрны болон танхимын сургалт зохион байгуулах, менежментийг сайжруулахад зөвлөн туслах зорилтын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Ташрамд дурдахад, 2022 оны 12 дугаар сараас эхлэн Хөвсгөл, Өмнөговь, Дорнод, Дорнговь, Говьсүмбэр аймаг болон сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд ГССҮТ-д эмнэлгийн хагас бие даасан тогтолцоо, гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтэнд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын хүрээнд туршлага судалсан билээ.