Монгол улсын их сургуулийн баг АНУ-ын Вашингтон хотноо 2023 оны 4 дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд зохион байгуулах Филип Жессапийн нэрэмжит олон улсын шүүх хурлын мэтгэлцээнд оролцох эрхтэй боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн яам Филип Жессапийн нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсаас оролцох багийг сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Филип Жессапийн нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээн нь олон улсын нийтийн эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хэмжээний хамгийн том тэмцээн бөгөөд уг тэмцээнд дэлхийн 100 гаруй улс орны 700 орчим хуулийн сургуулийн төлөөлөл оролцдог.
Уг олон улсын мэтгэлцээний тэмцээнд Монгол Улсаас оролцох багийг сонгон шалгаруулах тэмцээн 2023 оны 2 дугаар сарын 10, 11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Монгол Улсын их сургууль, Шихихутуг их сургууль, Их засаг олон улсын их сургуулийн багууд өрсөлдөж, МУИС-ийн баг ялагчаар шалгарсан байна.
Филип Жессапийн нэрэмжит олон улсын нийтийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээн нь олон улсад 1960 оноос хойш зохион байгуулагдсан бөгөөд 2023 оноос эхлэн Монгол Улсын хуулийн сургуулийн оюутнууд тус тэмцээнд оролцож эхлэхэд дэмжлэг үзүүлэх санаачилгыг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катерин Ивкофф гаргаж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд нар дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байна.