Улсын Их Хурлын Тамгын газраас, Монголын Хуульчдын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өнөөдөр (2023.12.11) эхэллээ.
Нийгмийн бүхий л харилцааны агуулга, мөн чанарт нийцсэн, ард түмний ахуй соёл болоод олон улсын нийтлэг хандлагыг хослуулсан, ардчиллын үнэт зүйлс, эрх зүйт ёсын суурь зарчимд тулгуурласан, мөн амьдрал практикт хэрэгжихүйц чанартай хууль батлан гаргах нь хууль тогтоох дээд байгууллагын эрхэм зорилгын нэг мөн. Улсын Их Хурлын Тамгын газраас мэргэшсэн, чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн төсөл эх баригчдыг бэлтгэх сургалтын механизмыг бүрдүүлэхийн тулд хуулийн төсөл боловсруулагчийн сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдрийн сургалтыг нээж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат хэлсэн үгэндээ, парламентат ёс өндөр түвшинд төлөвшсөн улс орнуудын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулж буй уг сургалтыг эрх зүйн онол, практик хосолсон хөтөлбөрийн дагуу хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн, багш, судлаач, шүүгчид удирдан явуулна гэдгийг тодотгов. Түүнчлэн суралцагчдын хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгаж, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилготой энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөх, ажилтнуудаас гадна бусад төрийн байгууллагын хууль эрх зүйн газар, хэлтсийн удирдлагууд оролцож байгааг дурдсан юм.
Мөн Швейцарын Хөгжлийн Агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Стефани Бурри хэлэхдээ, сайтар боловсруулсан хууль тогтоомжийн нийгэмд үзүүлэх нөлөө их төдийгүй ардчиллыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн онцолж байв. Сургалтын хөтөлбөрийг Монголын Хуульчдын Холбооны Сургалтын хороо магадлан итгэмжилсэн бөгөөд тус холбооны ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл нээлтийн үеэр, эхний удаагийн сургалт үр дүнтэй зохион байгуулагдсаны дараа олон хүмүүс хамрагдахыг хүсэж буйгаа илэрхийлснийг дурдаад, сургалтаар дамжуулж хууль бүтээх ажиллагааны үе шат, онцлог, хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецепцийг ашиглах арга зүй, хуульд тавигдах техникийн болон агуулгын шаардлагуудын хүрээнд системтэй мэдлэг хуримтлуулах ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ.
“Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт”-ыг санаачлагч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Л.Өлзийсайхан эхний хичээлийг удирдан эхлүүлсэн бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалтад нийт 70 гаруй суралцагчид хамрагдаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.