Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо болж, Монголын шигшээ баг 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 4 дүгээр байрт шалгарлаа.
Энэ жилийн тэмцээнд 52 орны шилдгүүд оролцсон бөгөөд гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва, дасгалжуулагч Ч.Болдбаатар нарын удирдлага дор Монголын 15 жүдоч хүч ур чадвараа сорьсон юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг жинд гавьяат тамирчин Э.Ариунболд медалийн салхийг хагалж дэд байр эзэлж мөнгөн медаль хүртсэн. Харин хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийн эзэн болов.


"Абу Даби Их дуулга-2025" тэмцээний сүүлийн өдөр +100 кг жинд олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн аваргын алтан медаль хүртэж, төрийнхөө дууллаа Абу Дабид эгшиглүүлсэн юм.

Тэрбээр Эстонийн Карл Прайлинн, залуучуудын дэлхийн аварга Оросын Денис Бачаев, Гүржийн залуу мастер Иракль Деметрашвили, олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Оросын Тамирлан Башаев нарыг цувруулан ялснаар алтан медалийн тавцанд зогссон. Б.Гончигсүрэн ДАШТ-ээс хойш Улаанбаатарын “Их дуулга”, Чиндаогийн Гран при, Абу Дабигийн “Их дуулга” гэсэн гурван тэмцээнд дараалан түрүүлж байна.
Дээрх гурван тамирчнаас гадна эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг VII, +78 кг-д Д.Номинзул V байрт шалгарлаа.
Энэ удаагийн Абу Дабигийн тэмцээнд хүч, ур чадвараа сорьсон 52 орноос 26 нь медаль хүртсэн бөгөөд тэдний 11 нь алтан медальтай нутаг буцаж байна.
Ташрамд дуулгахад, Тус “Их дуулга”-ын үеэр Абу Даби хотод Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал болсон бөгөөд Монголын жүдо бөхийн ерөнхийлөгч Х.Баттулгыг Удирдах зөвлөлийн гишүүнээр шинээр сонгож, Сургалт хариуцсан захирлаар томиллоо.
"Абу Даби Их дуулга-2025" тэмцээнээс 2 алт, 4 мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын шигшээ баг тэргүүн байр эзэлсэн бол 2 алтан медаль хүртсэн Япон, Германы шигшээ багууд 2, 3 дугаар байрт шалгарлаа. Харин 1 алт, 2 мөнгөн медальтай Монголын шигшээ 4 дүгээрт, Унгарын шигшээ баг 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар 5 дугаар байрт шалгарсан байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!