Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.Мөнхбаатар:
Богд хан уулын бэл, Хатан Туулынхаа хөвөөнд дэлгэр сайхан намаржиж буй ардчилсан сонгогч та бүхнийхээ амар амгаланг айлтгая.
Хан-Уул дүүргийн Ардчилсан нам 2024-2028 онд дүүргийнхээ хөгжлийг шинэ шатанд гаргаж, иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулан “Стандарттай дүүрэг, Хүүхдийн төлөө хот” болох зорилго дэвшүүлэн, “Иргэндээ ээлтэй-Стандарттай дүүрэг”, “Хотын соёлтой-Ногоон дүүрэг”, “Ажил, бизнес эрхэлдэг таатай дүүрэг”, “Хашаандаа сайхан амьдаръя-Дэд бүтэцтэй дүүрэг”, “Цахим засаглал 3.0 дүүрэг” болох 5 бүлэг мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа.
ХУД-т Ардчилсан нам 2008, 2012 онуудад ялалт байгуулж, Чингисийн өргөн чөлөө, Өлзийт, Биокомбинат, Шувуун фабрик, Сонсголон, Яармаг, Богд хан уулын хойд замыг ашиглалтад оруулсан билээ. Түүнчлэн дүүргийн гэр хорооллуудыг авто зам, гэрэлтүүлэгтэй болгож, ашиглалтын шаардлага хангахгүй байруудын дахин төлөвлөлтийг эхлүүлж, Усан спортын сургалтын төв, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн болон инженерийн дэд бүтцүүдийг барьж байгуулсан “Хөгжилд тэмүүлсэн Хан-Уул дүүрэг” байсныг цохон тэмдэглэе.
Бидний хүүхдүүд стандартын шаардлага хангахгүй байрнаас гарч, стандартын шаардлага хангахгүй хөрсний ус ууж, стандартын шаардлага хангахгүй агаараар амьсгалж, стандартын шаардлага хангахгүй замаар явж, стандартын шаардлага хангахгүй сургууль, цэцэрлэгийн танхимд хичээллэж, стандартын шаардлага хангахгүй хүнс, хоол хэрэглэж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдож байгаа юм.
Тиймээс бид “Хөгжилд тэмүүлсэн Хан-Уулаас Хүүхдийн төлөө-Стандарттай дүүрэг” болох зорилт тавилаа.
Бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр дэмжигдвээс дүүргийнхээ аз жаргалын индексийг ахиулах, чинээлэг амар тайван орчныг бий болгох, “Амар тайван гэр бүл”-ийн төлөө, дэд бүтцийг нэмэгдүүлэхийн төлөө, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, эрүүл мэндийн үйлчигээг цаг алдалгүй авдаг болохын төлөө, байгаль орчин иргэдийн эрүүл мэндэд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй дүүрэг болохын төлөө Ардчилсан намын нэр дэвшигчид зогсолтгүй хөдөлмөрлөх болно.
Хан-Уул дүүргийн иргэдээ!
Бид яарсан иргэд нь Яармагт гацдаггүй авто замын системийг үүсгэж, гарааны бизнесийг гацаан зогсоохгүй дэмжин хөгжүүлэх бодлогыг тууштай баримтлан үйлдвэрлэгч дүүргийн хөдөлмөрч иргэдийнхээ талд байж та бүхнийхээ мэргэн оюунд “Стандарт сонголт”-ыг санал болгож байна. Эцэг өвгөдийн үеэс тахин шүтэж ирсэн Хан-Уулынхаа тансаг орчинд зохицсон хот доторх байгаль, байгаль дундах төгс хотыг инженерийн ухаанаар сүндэрлүүлэхээр мөрийн хөтөлбөрөө сонгогч сонгогч танаа дэлгэн уламжилъя.
2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр та бидний алдаж болохгүй алтан мөчлөг, ардчилсан тогтолцооны эргэн сэргэлтийн өдөр болох ёстой. Ардчиллын алтан тойрог Хан-Уулын иргэн таны сонголт мэргэн байх болтугай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!