"Узбекистан-2024" футзалын дэлхийн аварга шалгаруулах 10 удаагийн тэмцээний хагас шигшээд тоглох 4 багийн нэр тодорхой боллоо.
Өчигдөр Бразил, Украин шилдэг дөрөвт шалгарсан бол өнөөдөр Франц, Аргентин нэмэгдэв.
Футзалын ДАШТ-д анх удаагаа оролцож буй Францын "мини" хөлбөмбөгчид Парагвайн шигшээг тэнцүүхэн өрсөлдөөний эцэст 2:1-ээр хожиж, түүхээ шинэчилж, амжилтаа ахиулсаар ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээд тэдний өрсөлдөгч нь Аргентин байх болно. Сүүлийн хоёр ДАШТ-д дараалан финалдсан, 2016 оны дэлхийн аварга Аргентинчууд хүчирхэг Казахстаны шигшээг 6:1-ээр бут ниргэн, гурван ДАШТ дараалан финалдахад ганц алхам хэрэгтэй боллоо.
Хагас шигшээд үлдсэн дөрвөн багаас мэдээж Бразил, Аргентинд илүү боломж, туршлага, амжилт байгаа. Футзалын мэргэжлийн хүмүүс, хөгжөөн дэмжигчид ч Өмнөд Америкийн хоёр багийг финалд үлдэнэ гэж таамаглаж, "Мөрөөдлийн финал" болоосой гэж хүсч байна. Гэхдээ бөмбөг бөөрөнхий, багуудын ур чадвар ойртсон болохоор ямар үр дүн гарахыг яахан мэдэх билээ.
Ийнхүү 10 дугаар сарын 2-нд Бразил-Украин, 10 дугаар сарын 3-нд Франц-Аргентиний багууд халз тоглож, 10 дугаар сарын 6-нд хагас шигшээд хожигдсон багууд хүрэл медалийн төлөө, харин хожсон багууд алтан медаль, дэлхийн аваргын цомын төлөө Ташкент хотын 12,500 хүний суудалтай "Хумо" ордонд тоглох юм.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
"Узбекистан-2024" футзалын ДАШТ-ий мэдээллийн спонсор:
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!