Я.Сүхбаатар: Дэлхий дахины үйл явдлын мэдээг монголчууддаа хүргэх үйлсэд 40 жил зүтгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Танин мэдэхүй
Огноо
Унших
35 минут 12 секунд

Я.Сүхбаатар: Дэлхий дахины үйл явдлын мэдээг монголчууддаа хүргэх үйлсэд 40 жил зүтгэжээ

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиосон бөгөөд энэ үеэр тус агентлагийн ахмадуудтай хийсэн ярилцлагаас толилуулж байна.

Энэ удаа дэлхий дахины мэдээ мэдээллийг монголчууддаа цаг алдалгүй хүргэх үйлсэд 40 жил зүтгэсэн ахмад сэтгүүлч, орчуулагч Яринпилын Сүхбаатартай уулзсан юм. Төр засгийн бүх хэвлэл МОНЦАМЭ-гийн гадаад мэдээг л эх сурвалжаа болгодог байсан тухайн үеийг тэрбээр, "Тус агентлагийн гадаад мэдээний редактор, орчуулагчдын ажил өглөө маш эрт эхэлдэг байв. Учир нь Монголын радио гэхэд л өглөө 6.00 цагт эхэлж, хамгийн түрүүнд бидний бэлтгэсэн шинэ мэдээг сонсогчдод хүргэдэг байлаа" хэмээн дурссан юм.

-Та анх энэ байгууллагын хүн болж байснаас яриагаа эхлүүлэх үү?

-Би 1969 онд МУИС-ийн орос хэлний ангийг төгссөн. Тэр жил 30 гаруй хүн төгссөн юм. Төгсөхийн өмнө хавар манай ангиас хэд хэдэн оюутныг С.Галсан багш тэнхимд ороод ир гэсэн. Тэгээд л МОНЦАМЭ агентлагаас ирсэн нэг хүн биднээр мэдээ орчуулуулаад тэр дор нь шалгасан. Тэгээд намайг дуудаад “Чи сургуулиа төгсөөд МОНЦАМЭ-д шууд ирээрэй” гэв. Тэр хүн бол Гадаад мэдээний албаны дарга Г.Балдандорж гуай байсан юм билээ. Удалгүй сургуулиа төгсөхөд Дорноговь аймагт намайг багшаар хуваарилсан.

Би төгсөөд ирээрэй гэсэн болохоор Г.Балдандорж гуайтай уулзаад Дорноговь явах болсноо дуулгахад, намайг шууд л дагуулаад Гэгээрлийн яаманд очсон. Тэгээд л Балдандорж гуай, яамны хүнтэй уулзаад, Улсын агентлагт ажиллуулахаар сонгосон хүнээ бид авна, дараа нь та нар багшаа томил гэж хэлэхэд, тэгэлгүй яах вэ гээд л шууд зөвшөөрсөн дөө. Ингээд л би 1969 оны 7 дугаар сарын 7-ны өдөр МОНЦАМЭ-гийн босгыг албан ёсоор алхаж орж байлаа.

Анх МОНЦАМЭ-гийн гадаад мэдээний редакцад П.Шагдарт шавь орж тэр өдрөө нэг мэдээ орчуулж билээ. Тэгээд маргааш нь тэр мэдээ маань “Үнэн” сонинд гарч, би бөөн баяр, аавдаа утсаар хэлэхэд, ихэд баярласныг мартах аргагүй дээ. П.Шагдар бид хоёр чацуу ч надаас өмнө 6 настайдаа сургуульд орсон юм билээ. Тэр Багшийн дээдийн монгол хэлний ангийг төгсөөд МОНЦАМЭ-д 2 дахь жилдээ ажиллан хариуцлагатай редактор хийж байсан үе. Манай П.Шагдар орос хэлийг өөрөө бие даан сурсан лут хүн дээ.

-Та МОНЦАМЭ-д оюутны ширээнээс шууд очсон гэхээр их л залуу байжээ?

-Тийм шүү. Би 18 нас хүрээгүй МУИС-ийн оюутан болж, сургуулиа 22 настай төгсөөд МОНЦАМЭ-д орж 40 гаруй жил ажилласан гэхээр үнэхээр л энэ агентлагтай миний ажил, амьдрал, гэр бүл салшгүй холбоотой.

-Та өөрийнхөө нутаг ус, аав, ээж, бага насныхаа тухай дурсана уу?

-Би Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт 1946 онд төрсөн. Намайг 8 сартай байхад аав өөрийн төрсөн дүүдээ өргүүлж би аймгийн төвд ирсэн юм билээ. Ингээд өргөж авсан аав, ээж хоёр 1953 онд аймгийн сургуульд нэгдүгээр ангид оруулсан гэдэг. Айлын хүний өгсөн гоё цамцыг өмсөөд л бөөн баяр ангидаа ороод сууж байтал багш орж ирээд “7 настай хүүхэд байвал гараа өргө” гэхэд би гараа өргөчихсөн юм. Тэгтэл багш, “За миний хүү хойтон ирээрэй” гээд гаргахад баахан уйлж байгаад л гэртээ буцсан гэж аав маань дурсдаг юм. Тэгээд дараа жил нь сургуульд орж 1964 онд 10 дугаар ангиа төгссөн.

Өвөр эгнээний зүүн гар талаас нэг дэх Я.Сүхбаатар

Миний аав Яринпил 1937 онд Өлгийн дивизид цэрэгт татагдаж 5 жил алба хааж байхдаа латин үсэг, шинэ, хуучин бичиг сурсан хүн. Өөрөөр сургууль соёл дүүргээгүй. 1943 онд халагдаж ирээд Онгон сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, дараа нь аймгийн намын хороонд “Үнэн” сонины сурвалжлагчаар 2-3 жил ажиллаад, лектор зааварлагч, сум хариуцсан зохион байгуулагч хийж явсан хүн. Аав маань 2006 онд 86 настайдаа бурхан болсон.

Би 6 дүүтэй, өнөөдөр 4 дүү маань Сүхбаатар аймгийн төвд, нэг нь Эрдэнэтэд байдаг. Бүгд л дээд боловсролтой хүмүүс. Аав маань сонин их захиална. “Үнэн” сонины арын нүүрэнд гадаад мэдээ байнга нийтэлнэ. Тэр үед би гадаад мэдээг их уншдаг байсан маань ирээдүйд энэ чиглэлийн хүн болохоо зөнгөөрөө мэдэрсэн юм болов уу гэж дотроо боддог юм.

-Тантай хамт хэдэн жил МОНЦАМЭ-д хамт ажилласны хувьд та болон танай гадаад мэдээнийхэн их эртэч хүмүүс гэдгийг мэднэ. Өнөөдөр ч уламжлагдаж ирсэн, энэ талаар та юу хэлэх бол?

-Намайг анх ажилд ороход л МОНЦАМЭ-гийн гадаад мэдээний редактор, орчуулагчдын ажлын цаг эрт эхэлдэг байсан. Тухайн үед цаг үеийн мэдээг өглөөний 6.00 цаг гэхэд л бэлэн болгосон байх ёстой. Тиймээс бид өглөө эрт 5 цагт ирнэ шүү дээ. Тухайн үед Монголын радио өглөө 6.00 цагт эхэлж, хамгийн түрүүнд бидний бэлтгэсэн шинэ мэдээг сонсогчдод хүргэдэг байлаа. Телетайпаар ирсэн гадаад мэдээг ганцхан манай агентлагт л хөрвүүлж бэлтгэнэ. Би ч тэр үед эхнэр хүүхэдгүй байсан болохоор зарим үед ажил дээрээ хоноод л өглөө эрт 2-3 мэдээ гаргачихдаг байлаа. МОНЦАМЭ тэр үед төр засгийн ганц мэдээллийн агентлаг болохоор радио, сонин бүгд л манай бэлтгэсэн дэлхий дахины үйл явдлын мэдээг авдаг байсан.

-Тэр үед МОНЦАМЭ-гийн гадаад мэдээний редакци маш өндөр хариуцлага хүлээж, мэдээг орчуулах, хөрвүүлэх талаар өөрийн гэсэн школ, онцлог арга барилтай болсон байж дээ ?

-Орчуулагч хүн үгэнд хэт баригдахгүй байх ёстой. Гэхдээ улс төрийн мэдээг өөрийн үгээр болгож бичиж болохгүй. Текстэнд юу гэж байна тэрийг л бичнэ. Харин уран зохиолын орчуулга бол уянгын халил, энэ тэр байдаг л байх. Ер нь чөлөөтэй орчуулах хэрэгтэй. Зарим нь МОНЦАМЭ-гийн модон хэл гэдэг юм гэсэн. МОНЦАМЭ-гийн хүн болсноор би орчуулга гэж юу байдаг, түүний утга учрыг зах цухаас нь ойлгож авсан даа. Энэ байгууллагатай миний туулсан амьдрал салшгүй холбоотой ийм л эрхэм газар минь юм. Би МОНЦАМЭ агентлагаараа болон дэлхий дахины үйл явдлын мэдээг Монголдоо мэдээлэх үйлсэд 40 жил зүтгэж байснаараа бахархаж явдаг хүн.

-МОНЦАМЭ-д анх ирээд ямар хүмүүстэй нэг баг болж ажиллаж байснаа дурсана уу?

-Намайг МОНЦАМЭ агентлагийн Гадаад мэдээний хэлтэст ирэхэд Г.Балдандорж, П.Шагдар, Ш.Нэмэхбаяр, Б.Дүгэрээ, Д.Базарваань, Ч.Чагдар, Намжилдорж гэж тэр үеийн сайн сайн орчуулагчид байлаа. За тэгээд Ж.Даваажав, С.Сандагдорж, Г.Пүрэвсамбуу, Лу.Батбаяр гээд орчуулагч, редакторуудтай хамтдаа олон жил ажилласан даа. Тэр үед шаардлага маш өндөр хувь хүнээс их мэдлэг, хүч шаарддаг үе байв. Гадаад мэдээний редакц хоёр ээлжээр ажиллана. Өглөө 6-14 цаг хүртэл, оройн ээлж 14-20 цаг хүртэл тасралтгүй ажиллаж дэлхий дахины мэдээ, мэдээллийг орчуулан гаргаж радио, сонин, телевизэд түгээж байсан. Мэдээллийн гол эх сурвалжаа телетайпын /туузан мэдээ/ тусламжтай ТАСС-аас авдаг байлаа. Хуваарилсан мэдээг авч орчуулаад ахлах редактор, хариуцлагатай редактор, хэлтсийн даргадаа уншуулна. Онцгой чухал ач холбогдол бүхий ЗХУ болон социалист орнуудын коммунист намын их хурлын материалууд, Эдийн засгийн харилцан туслах зөвлөл /ЭЗХТЗ/-ийн чуулганы материал зэргийг хорооны дарга, орлогч дарга хүртэл уншиж, шалгаж байж олон нийтэд мэдээлнэ. Тийм олон шалгуур давж гардаг болохоор алдаа гарах нөхцөл байхгүй л дээ. Хүн тэгээд сурдаг л юм билээ.

Бид энэ ажлын хажуугаар радиод олон улсын үйл явдлын тойм, тайлбар уншдаг байлаа. Цаг үе үйл явдлын нэвтрүүлгийг 7 хоног бүр радиогоор нэвтрүүлнэ. Манай редакцийн хүн бүр 10 хоног тутамд 10 хуудас тойм мэдээ бичиж радио, телевизэд нэвтрүүлэгчээр болон өөрөө уншина. Би нэг удаа томилолтоор яваад ээлжит телевизийн нэвтрүүлгээ хийгээгүй юм. Тэгээд өөр хүн нэвтрүүлгээр гарахад аав, манай хүү яасан юм бол, бие нь зүгээр үү гээд манайхнаас асууж сурсан гэдэг. Тухайн цаг үед бүх юм төлөвлөгөөний дагуу явдаг байсан.

Мөн ажлын хажуугаар албан байгууллагуудад очиж олон улсын цаг үеийн үйл явдлын талаар яриа хийдэг байлаа. Тухайн цаг үед олон улсын амьдралд ямар гол явдал болж байна түүнийг мэдээлж, бичнэ дээ. Ямар нэг салбар чиглэлээр дагнана гэж байхгүй нийгэм, улс төрийн бүх л асуудлаар орчуулна, мэдээлнэ.

Мөн радиогийн гадаад нэвтрүүлгийг бид бэлтгэдэг байсан. Тэр үеийн ЗХУ-ын Коммунист намын төв хорооны бүгд хурал, их хурлын материалууд ТАСС-аас ирнэ. Үүнийг нь бид өдөр шөнөгүй суугаад л орчуулаад маргааш нь “Үнэн” сонинд нийтлэгдэнэ. Буруу ташаа гарах нөхцөлгүй маш хариуцлагатай олон шатаар дамжиж мэдээллийг нягт шалгаж байж нийтлэнэ. МОНЦАМЭ-гийн Г.Балдандорж гуай гадаад мэдээний редакцид олон хүнийг сонгож авсан байдаг. Тэднээс энэ албанд тэнцээгүй хүн байхгүй дээ. Тэгэхээр лут хүн байгаа биз.

-Тухайн үеийн социалист нийгмийн үзэл суртлаас үүдэн намын гишүүнд элсүүлдэг байсан гэдэг?

-Би 1980 онд Монгол ардын хувьсгалт намын гишүүн болж байлаа. Харин 1990 онд ардчилсан төрийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хүний хувьд намын гишүүнээсээ татгалзсан юм. Манай П.Шагдар бид 2 олон жил нэг ээлжинд ажиллаж байлаа. Ж.Даваажав байна, намын хянан шалгах хороонд ажиллаж байсан. Арай хожуу С.Сандагдорж манай редакцид ирсэн ч ажилдаа хурдан мэргэшсэн.

-Та МОНЦАМЭ-гийн үе үеийн дарга нартай хамт ажиллаж байв уу?

-Намайг ажилласан энэ жилүүдэд агентлагийн даргаар С.Жалан-Аажав, С.Пүрэвжав, Л.Зантав, Ч.Түмэндэлгэр, С.Баяр, Ч.Эрдэнэ, Б.Пүрэвдаш, С.Амарсанаа, Т.Баасансүрэн, Д.Ариунболд нар байсан. Би 2010 онд 64 настайдаа тэтгэвэрт гарсан даа.

-Танд орчуулгын эрдэмд зааж сургасан гарын шавь байдаг уу?

-Миний дараа үеийнхнээс яг миний гараар орсон хүн бол байхгүй ээ. Би голчлон алба, хэлтсийн дарга хийгээд байсан болохоор яг шууд зааж, зөвлөсөн шавьтай болоогүйд нөлөөлсөн болов уу. За тэгээд орчуулаад байхаар бид чинь яваандаа мэргэшээд нэг л хэвэнд ордог байсан даа.

-Таныг Монголын радиод ажиллаж байсан гэдэг?

-Би хэвлэл мэдээллийн байгууллагад 41 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. МОНЦАМЭ-д байх хугацаандаа 1974-1978 онд Москвагийн радиод ажилласан. Тэгээд 1978-1983 онд Монголын радиогийн Суртлын редакцид ажиллаж байгаад МОНЦАМЭ-дээ гуйсаар байж эргэж ирсэн юм.

-Москвагийн радиод ажиллаж байсан үеэ дурсана уу?

-Г.Балдандорж дарга 1974 онд надад Москвагийн радиод ажиллахыг санал болгож байлаа. Тэгээд Москвагийн радиогийн хятад хэлний ерөнхий редакц доторх үндэсний районуудад зориулсан нэвтрүүлгийн хэлтэст ажилласан юм. Хятадын нутаг дэвсгэр дээр монголчууд оршин суудаг нутаг оронд радио нэвтрүүлдэг дамжуулдаг байлаа. Тус хэлтэс 7-8 хүнтэй байсан бөгөөд өөрсдөө бие даан мэдээгээ бэлдэнэ. Өглөө 8 цагт очоод 14 цагт мэдээгээ хийж дуусгана. Бэлтгэсэн мэдээг 1 цагийн нэвтрүүлэг болгоод өдөр бүр давталттайгаар тухайн бүсэд сонсгодог байлаа. Энэ редакцид яг 4 жил ажилласан. Тэнд би ёстой л толгой дааж мэдээ бэлтгэж байсан даа.

Оросын монгол хэлтэй хэд хэдэн залуу энд ажиллаж байсан. Тэд бүгд Монголд ажиллаж, амьдарсан хүмүүс. Тухайн үед би тамхи татдаг байв. Тэгэхэд Сүхбаатар л тамхи татаж болно гэдэг байж билээ. Чухал ажил хариуцаж байгаа гээд хүндэлсэн хэрэг юм даа. Тэнд 4 жил ажиллахдаа нэг бичгийн машиныг ёстой эдэлж дуусгасан даа. Манай гэр бүлийн хүн удалгүй ирж, охин маань Москвад төрсөн юм.

-Та өөрийнхөө гэр бүлийг танилцуулна уу?

-Манай эхнэрийг Вандан-Ишийн Хишигтогоо гэдэг Улаанбаатар хотод төрсөн. Монгол телевизэд хүүхэд залуучуудын суртлын редакцад туслах найруулагч, асисент найруулагч хийж байсан. Бид хамтдаа Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо /МРТУХ/ гэж нэг байгууллагад ажиллаж байсан юм. Тэгээд л танилцаж гэр бүл болсон. Бид нэг л охинтой. Манай охин Золоо 1975 онд Москвад төрсөн. Улаанбаатарт орос 3 дугаар сургуульд суралцаад Европ хэлний дээд сургууль төгссөн, орос хэлний багш мэргэжилтэй. Одоо зээ охин Г.Индра маань төрөөд зээнцэр хүүтэй болчихоод сууж байна. Индра УБИС-ийн англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Манайх гэр бүлээрээ л хэлний мэргэжилтэй болж дээ.

-Гадаад мэдээний редакцын хамт олныхоо талаар сонирхуулж яривал?

-Тоймч Д.Базарваань гуай Булганы хүн МУИС-ийн сэтгүүлчийн анги төгссөн надаас 10 нас ах хүн байлаа. Ш.Нэмэхбаяр Дорноговь аймгийн хүн, бас л 10 нас ах, УБДС-ийг Институт гэж байхад орос хэл эзэмшсэн тоймч Дүгэрээ Увс аймгийнх, бидний хамгийн ахмад нь Г.Бизъяа гэж орчуулагч байлаа. Манай Ж.Даваажав Завхан, П.Шагдар Дундговийнх, Лхагваа Өмнөговь аймгийн хүн. Тэд УБДС-ийн орос хэлний ангийг төгссөн. Харин Г.Пүрэвсамбуу надтай адил МУИС-д сурсан байдаг.

-Энэ лут хүмүүстэй ажиллаж байхад тохиолдсон мартагдашгүй сайхан дурсамж олон байдаг байх шүү?

-Дөнгөж анх ажилд ороод томчуудын ундаанд их гүйнэ ээ. Тэр үед 25 дугаар дэлгүүр гэж байлаа, тийшээ их гүйлгэнэ. Бямбын Ринчен гуайг тод санадаг юм. Шуудангийн 4 давхрын студэд орж ирээд бидэнд яриа хийнэ. Тамхийг ёстой угсруулаад уугиулж өгдөг байсныг санах юм. Их гоё задгай ярина. Түүний сонин, содон яриаг сонсох нь үнэхээр бахдам сайхан байж. Б.Ринчен гуай дээл өмссөн хэрнээ ботинктой костюм өмсчихсөн байдаг нь их содон харагддаг. Бас их гоё тоногтой бүс зүүнэ. Тамхи гэснээс манай редакцаас П.Шагдар, Лхагваа хоёроос бусад нь тамхи татдаг болохоор бид чинь бөөн тамхины утаан дунд суугаад л мэдээ үйлдвэрлэнэ шүү дээ. Миний хувьд тамхи татдаг байж байгаад зээ охиноо төрсөн 1996 оноос хойш тамхиа хаясан. Одоо 25 жил болж байна. Тамхинаас гарсан маань өнөөг хүртэл эрүүл саруул явж байгаагийн ач тус гэж боддог юм.

Монгол телевиз 1967 онд байгуулагдсан. Телевизийн гадаад мэдээг бид бэлтгээд, уншдаг байлаа. Телевизээр байнга л гадаад мэдээ уншдаг болохоор тухайн үедээ олны танил хүн болчихдог юм билээ. Мэдээлэл радио, телевизийн улсын хороо тэр үед Төв шуудангийн нэг талд байрладаг байлаа. Анх Мэдээлэл, радио, зурагт радиогийн улсын хороо гэж байсныг С.Жалан-Аажав дарга олон улсын нэрээр нь “телевиз” гэж нэрлэх зөв юм байна гээд манай редакцад ярьж байсан юм. Тэгээд л Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо /МРТУХ/ гэсэн нэртэй болсныг тод санаж байна. Тэр үед МОНЦАМЭ, Монголын радио, телевиз хамтдаа нэг байгууллага байв.

-Тэртээ 40 жилийн өмнө монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг сурвалжилсан сэтгүүлчийн хувьд таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Монгол хүн сансарт ниссэн үйл явдлыг очиж сурвалжлах эрхэм чухал хувь зохиол надад оногдсон юм. Би 1981 онд Монголын радиод байх үед орос хэл гадарладаг орчуулдаг байсныг минь үнэлсэн хэрэг. Энэ үйл явдлыг түүхэнд мөнхлөн үлдээх үүрэг бүхий 53 хүний нэрийг жагсаасан НТХ-ны тогтоол гарсан юм.

Түүнд миний нэр багтаж, бид сарын өмнө 1981 оны 2 дугаар сарын сүүлчээр Москва хотыг зорьж, ЭЗХТЗ /СЭВ/-ийн Мир зочид буудалд байрлаж байлаа. Монгол-Зөвлөлтийн сансрын нисэгчдийн хамтарсан нислэгийг Москва дахь Нислэгийг удирдах газраас эхнээс нь дуусах хүртэл 7 хоногийн турш шууд мэдээлсэн. Бидний бэлтгэсэн мэдээ эх орондоо хурдан хүрдэг байлаа.

Сурвалжлах багийнхан Москвагаас 4 хөдөлгүүртэй “Ил-18” нисэх онгоцоор Жезказган хотноо очиж хоноод, маргааш өглөө нь сансрын нисэгчид эх дэлхийдээ газардах түүхэн үйл явдлыг сурвалжлахаар нисдэг тэргээр Жезказганы тал нутгийг зорьсон. Бороо шивэрсэн, манантай бүрхэг өдөр байсан. Газрын хөрс шавар, шавхай болсон учраас бидэнд усны гутал өгсөн. Сансрын нисэгчдийн буугч аппаратыг эрж хайх-аврах албаныхан, эмч нар болон бусад мэргэжилтэн суусан нисдэг тэрэг хотоос зүүн өмнө зүгийг чиглэн нисэхэд бидний суусан нисдэг тэрэг тэдний араас хөөрсөн юм. Хэсэг хугацаанд нисэж байгаад газардлаа. Бид тэнд цаг орчим болсны дараа тээр дээр “тасхийх” чимээ сонсогдоход, энэ юу вэ гэж хажууд байсан спортын комиссараас асуухад: “-Буугч аппаратын шүхрийн нээлхий нээгдэхдээ ингэж дуугардаг юм. Одоо тун удахгүй газардах нь дээ” гэж билээ.

Сансрын хөлөг буухдаа Өмнөд Америкаас эхлэн тоормослодог гэж ярьцгааж байхыг би сонссон юм. Тэгээд л нисдэг тэрэгний дарга, биднийг суудалдаа суухыг тушааж, бид ч тэр даруй байраа эзлэв. Нисдэг тэрэгнүүдийн холбоочид хоорондоо байнга ярьж байлаа. Хэрхэн газардсаныг бид харж чадаагүй нь бороо орж, үүл маш доогуур нүүж байснаас тэр л дээ. Бид хэсэг хугацаанд газардаад дахин нисэхэд буугч аппарат нэгэнт буучихсан газарт уртаа гэгчийн улбар шар өнгийн шүхэр сунан хэвтэж харагдав. Буугч аппарат 2,5 тонн жинтэй. Шүхрийн талбай нь 1000 хавтгай дөрвөлжин метр гэсэн. Биднийг дөхөж очиход эрж хайх-аврах албаныхан, эмч нар болон бусад мэргэжилтэн буугч аппаратын дэргэд ийш тийш хөлхөлдөж яваа нь харагдаж байлаа. Манай нисдэг тэрэг нэлээд хол 100 гаруй метрийн зайд буусан сэтгүүлч, зураглаачид чамгүй зайд хөөрхөн уралдаж билээ.

Сансрын нисэгч В.Жанибеков, Ж.Гүррагчаа хоёрыг түшлэгтэй жижиг сандал дээр суулгаж, ноосон хөнжлөөр хөлийг нь ороож хучсан байлаа. Тэднээс нэлээд холуур дээсээр гортиг татсан байв. Энэ үед буугч аппаратаас тодорхой хэмжээний цацраг идэвхэт бодис ялгардаг гэж байсан. Сэтгүүлчдийг үүнээс хамгаалсан хэрэг аж. Тэр хоёрын дэргэд хурдхан шиг хүрч очих юмсан гэсэн бодол намайг эс орхино.

Тэгээд нэг мэдэхэд л би тэр хоёрын сандлын ард завсраар нь орчихсон, тэдэнтэй мэнд мэдээд, эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирж, нислэг амжилттай дууссанд баяр хүргээд, хэд хэдэн асуулт тавьж байснаа санаж байна. Сансрын нисэгчдийн эх дэлхийдээ эсэн мэнд ирсэн тухай миний сурвалжилга Монголын радиогийн алтан санд байдаг юм. Сансрын нисгэгчид нэлээд хөлөрсөн янзтай, нүүр нь улаа бутарсан байсныг санаж байна. Манай төлөөлөгчид сансрын нисэгчдэд хадаг, мөнгөн аягатай сүү барихад Ж.Гүррагчаа сүүг жаахан амссан бол, В.Жанибеков бүгдийг нь уучихаж билээ. Сансрын нисгэгчдийн хамт сурвалжлах багийнхан Байконур хотод очиход, том дарга нар угтаж авсан, тэнд бид 2 хоносон. Тэгээд Москвад ирээд удалгүй Монголдоо ирсэн дээ.

-Та энэ олон жил ажиллахдаа гадаадад томилолтоор цөөнгүй явсан байх даа?

-Ю.Цэдэнбал даргыг Румын улсын Бухарест хотод 3 хоног айлчлахад сурвалжлагчаар явж байлаа. Румын улсын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч Николае Чаушеску тухайн үеийн социалист орнуудын төрийн тэргүүнүүдээс бүх талаараа нэлээд содон хүн санагдаж билээ. Румын улсыг 1965 оноос 1989 оны 12 дугаар сарын 22 хүртэл тэргүүлсэн энэ хүнийг их л ойроос харсан даа. Нэлээд сүүлд 1982 онд ЗХУ-д Тува улс нэгдсэний 40 жилийн ой тохиосон юм. Энэ үйл явдлыг очиж сурвалжилсан юм байна.

-Гадаад, дотоодод өөр ямар том үйл явдлыг сурвалжилж байсан бол?

-Эрдэнэтийн зэс-молибдены үйлдвэрийг 1978 онд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орж, хүлээн авах ёслолд сурвалжлагчаар ажиллаж байсан юм байна.

-Та Москвагийн радиод хамт ажиллаж, амьдарч байсан нөхдөө дурсан ярина уу?

-Москвагийн радиод би 1974 оны 9 дүгээр сард, Ж.Даваажав 10 дугаар сард очиж байлаа. Москвад байхад радиогийн нэвтрүүлэгч Н.Жанцан Д.Билгээ, С.Батсүрэн, Дамиранжав, орчуулагч Базарваань нар ажиллаж байсан. Бид бүгд Вавиловын 79 дүгээр байранд гэр бүлээрээ амьдарч байлаа. Тэр үед 330 рублийн цалинтай, түүнээс 30 рублийг нь хадгаламж болгож Монгол руу явуулаад очоод авдаг байлаа. Уг нь 500 рублийн цалинтай байсан гэж сонссон. Үлдсэн рублийг нь улсад өгдөг байсан юм билээ. Москвад ажиллаж байхдаа би ажил дууслаа бол нялх хүүхэдтэй, эхнэр ЭСЯ-нд ажилтай болохоор гэр лүүгээ яардаг байж. Тэнд байхдаа Марксизм-Ленинизмын оройн дээд курст нэг жил сурсан юм байна. Би ер нь хамт олны юманд нэг их ордоггүй нөхөр байсан. Харин хааяа завтай үедээ ажил тараад оросуудтайгаа шил юм хувааж уудаг л байсан.

Монголд 1966 онд ЗХУ-аас 10 гаруй залуус ирж Их сургуульд монгол хэлний ангид сурсан. Тэднээс л төгссөн залуус орос орондоо Дорно дахины хүрээлэн, Зохиолчдын хороо, Москвагийн радио зэрэг олон газарт ажиллаж байсан үе л дээ. Их эрдэмтэн, хэл шинжээч, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн охин монгол судлаач, доктор Анна Дамдиновна Цэндина тэр үед манай редакцад ажилладаг байлаа. Анна Цэндина сүүлд Монголд цөөнгүй ирдэг байв. Монголд ирэхдээ л Сандагдорж бид хоёртой уулздаг байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө Анна Цэндина, Сүхбаатар гэж орчуулагч хүнтэй уулзаарай гэж Москвагийн дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Александр Железниковт хэлсэн юм билээ. Монголд ажлаар ирсэн тэр хүн надтай уулзаж хурлын илтгэл зэрэг 10-аад хуудас юмаа орчуулуулсан. Тэгээд 100 доллар өгөхөд нь гайхсан шүү. Жаахан юм орчуулаад эвгүй л юм билээ. Тэр А.Железников бол Монголын 9 дэх дэслэгч генерал Цагааны Самдангэлэг /1971 онд/-ийн хүүхэд байсан юм билээ.

Ташрамд хэлэхэд, Москвагийн радиод ажиллаж байхад Зөвлөлтийн алдартай нэвтрүүлэгч Юрий Левитан гэж агуу хүнийг харж байж билээ. Өтгөн хар хөмсөгтэй, монхор хамартай, нүдний шилтэй, том биетэй их сайхан хүн байсан. Алдарт улс төрийн тоймч Валентин Зорин гэж байсан даа, тэр хүн бол намхан пагдгар хүн байсан. Тэр хоёр байнга л Москвагийн радиогийн зоогийн газар ороод цуг явж байна. Москвагийн радиогийн цахилгаан шатаар явж байхдаа “Оросын энэ алдартай лут хүмүүсийг ойроос харах хувьтай байж дээ” гэж би боддог байлаа.

-Моксвад хамгийн сүүлд хэзээ очиж байв?

-Москвад 1991 онд ИТАР-ТАСС-д манай МОНЦАМЭ-гийн захирал агсан Дүгэрсүрэнгийн Ариунболд бид хоёр очсон юм. Яг тэр үед ИТАР-ТАСС-ын үүдэнд автомат буутай цэрэг хамгаалаад зогсож байж билээ. Тэгэхэд надтай хамт ажиллаж байсан хүмүүс байгаагүй дээ. Харин ингэж солилцооны шугамаар явахдаа Москвагийн радиод ярилцлага өгч байсан.

-Таныг цэрэгт яваагүй тухайгаа ярьж байсныг санах юм. Яг юу болсон гэдэг билээ?

-1964 онд 10 төгсөх жил тэр үеийн БНМАУ-ын түүхэнд 10 төгссөн хүүхдүүдээс шалгалт авалгүй төгссөн дүнгээр дээд сургуульд оруулсан юм. Тэгээд би МУИС-ийн орос хэлний ангид орсон. Яг тэр үед Хэнтий аймгийн ойролцоо шүлхий гарсан учраас хөл хоригдож 10 сарын сүүлчээр хотод орж ирэхэд хичээл эхэлчихсэн байж билээ. Тэр үед 10 төгссөн хүүхдүүд дээд сургуульд элсээд намрын ургац хураалтаар сангийн аж ахуйд ажилладаг. Тэр жил САА-д очсон бүх хөвгүүдийг цэрэгт татсан юм. Харин би шүлхийгээс болоод цэргийн албанд яваагүй үлдсэн. Надад нэг инээдтэй бодол төрдөг байв. Д.Сэнгээгийн “Өвгөн партизаны яриа” гэдэг найраглалд:

Ленинтэй би нэг удаа уулзаж билээ

Ленин надад их тус болж билээ гэж мөр бий дээ. Би түүнийг өөрчлөөд:

Шүлхийтэй би нэг удаа тааралдаж билээ

Шүлхий надад их тус болж билээ гэж хошигнодог юм.

Тэр жил шүлхий дэгдээгүй бол би цэрэгт татагдах байсан. Тэгээд халагдаж ирээд эргээд сурах байсан уу, үгүй юу? Хүний хувь тавиланг таах аргагүй юм даа. Тэр үед яагаад тэгж цэрэгт татсан гэхээр Зөвлөлт-Хятадын болон Монгол-Хятадын харилцаа муудсан учраас 10 төгссөн залуусаа цэрэгт илгээж, улмаар Зөвлөлтөд цэргийн сургуульд илгээж цэргийн мэргэжилтэн бэлтгэж байсан юм билээ.

-Та 10 жилийн сургуулиа төгсөөд ямар мэргэжил эзэмшинэ гэж бодож байсан бол?

-Би шалгалт өгөхдөө тригонометрийн тэгшитгэл бодохоос их айж байсан юм. Харин тухайн үед би хамгийн түрүүнд, бүр тэргүүн тоочин Гомбоосоо түрүүлж бодоод гараад ирсэндээ бүр гайхаж билээ. Багшдаа би бодчих шиг боллоо гэхэд тийм байна гар! гэж билээ. Тэгэхэд бид хоёр л онц авсан байдаг. Тэр үед мэргэжлийн талаар нэг их боддоггүй байж. Ээж аав ч тоодоггүй байсан. Харин манай орос хэлний Дашдорж багш л намайг МУИС-ийн орос хэлний ангид хуваарилсан юм шиг байгаа юм. Харин өнөөдөр орос хэлийг сонгоод энэ зэрэгт хүрчээ.

-Танай 10 жил төгсөгчдөөс олонд танил болсон хүн байна биз?

-Манай 10 жилийн төгсөгчдөөс нөгөө ангийн Дугаржав Ленинградад төгссөн Шинжлэх ухааны академич хүн бий. Гомбо маань архитекторч, их сургуулийн багш, Т.Сүхбаатар Оргил рашаан сувиллын дарга, дэд эрдэмтэн, Анагаах ухааны гавьяат ажилтан болжээ. Бид 21-үүлээ төгсөхөд манай ангид нэг л охин байсан. Яруу найрагч Данзангийн Нямсүрэн 7-10 дугаар ангидаа бид хамт сурч байсан. Түүнийг тэр үед шүлэг бичдэг байсныг мэддэггүй юм, харин их сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэр 10 төгсөөд, Багшийн сургуульд 1 жил сураад Сүхбаатарын Наран суманд томилогдсон. Тэр үед яруу найрагч О.Дашбалбар түүний шавь болсон юм билээ. Нэгэн үеийнхний танил болсон дуучин П.Рэнцэнхандтай МУИС-ийн орос хэлний ангид хамт сурч байсан юм байна.

-Танд Сүхбаатар гэдэг нэрийг яагаад өгсөн юм бол?

Манай аймагт тэр үед Сүхбаатар гэдэг нэртэй хүүхэд их байсан. Учир нь Ардын хувьсгалын 25 жилийн ойн жил буюу 1946 онд төрсөн хүүхдүүдэд Сүхбаатар нэрийг их өгсөн юм билээ. Манай анги сургуулийнхаа 11 дэх төгсөлт бөгөөд өмнөх 10 төгсөлтийн нэрсийг жагсаасан байхад 9-д нь Сүхбаатар нэр байсныг санадаг юм. Манай ангид гэхэд л Сүхбаатар нэртэй 4 хүүхэд байлаа. Манай аав багадаа хийдэд сууж байсан гэдэг тэгээд хожим намын гишүүн болсон. Сонин болгож ярихад, ээж нэг удаа, аав чинь бүх тэтгэврээ хандивт өргөсөн байна. Яасан гэхээр, Чойбалсан, Сүхбаатарын хооронд өндөр хүчдэлийн шугам татахад хандив болгоод 1 сарын тэтгэврээ өгчээ. Тэр үед аав 80 гаруй настай байсан. Манай аав ямар ч цайнд сахар хийж уудаг юм. Тэгсэн ээж, аавд чинь нэг сарын сахарыг нь өгөхгүй ээ гээд бөөн инээд болж билээ.

-Та одоо орчуулга хийж байгаа юу?

-Тэтгэвэрт гарснаас хойш ер нь зүгээр суугаагүй дээ. Хүмүүсийн өгсөн юмыг орчуулаад л байж байна. Дурсамж, өгүүллэг, нийтлэл орчуулах чинь мэдээнээс шал өөр. 2010 онд тэтгэвэрт гараад ТВ долоо хоног сонин, сэтгүүлийг М.Энхээ гэж залуу гаргадаг байсан, тэнд 2015 он хүртэл ажилласан. Элдвийн л юм орчуулдаг байлаа. Бас нэг сайтад гадаад мэдээ орчуулдаг. Одоо 75 нас хүрлээ орос хэлнээс орчуулж л сууна.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дураар ажиллахаа 2000 гаруй хүн бүртгүүлжээ
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дураар ажиллахаа 2000 гаруй хүн бүртгүүлжээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал  хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсний төлөө тулалдана

Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсний төлөө тулалдана

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

ӨНӨӨДӨР:  “Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн” болно

ӨНӨӨДӨР: “Монголын хүний нөөцийн салбарын үндэсний зөвлөгөөн” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдав

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдав

Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээллийн технологи, холбоо, Аутсорсингийн төв 2025 онд ашиглалтад орно

Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээллийн технологи, холбоо, Аутсорсингийн төв 2025 онд ашиглалтад орно

Умард Солонгосын цэргийн парадын үеэр шинэ тив алгасагч баллистик пуужин танилцуулжээ

Умард Солонгосын цэргийн парадын үеэр шинэ тив алгасагч баллистик пуужин танилцуулжээ

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Чөлөөт бөхийн мастерууд ДАШТ-ээс 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ

Чөлөөт бөхийн мастерууд ДАШТ-ээс 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ

Монгол Улсын анхны олон улсын стандарт батлагдлаа

Монгол Улсын анхны олон улсын стандарт батлагдлаа

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

“Нэтфликс”-ийн шоунд Монголын баг оролцоно

“Нэтфликс”-ийн шоунд Монголын баг оролцоно

Хөхний хорт хавдраар 2700 гаруй хүн өвджээ

Хөхний хорт хавдраар 2700 гаруй хүн өвджээ

“Airbus” нисэх онгоцны нийлүүлэлтээр “Boeing”-ийг ардаа орхижээ

“Airbus” нисэх онгоцны нийлүүлэлтээр “Boeing”-ийг ардаа орхижээ

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 8 орны 260 иргэнийг албадан гаргалаа

Өнөөдөр: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд

Өнөөдөр: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд

ӨНӨӨДӨР: Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

ӨНӨӨДӨР: Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

Шатдауны улмаас Америкт олон нислэг хойшилжээ

Шатдауны улмаас Америкт олон нислэг хойшилжээ

Итали улс “Милано-Кортина 2026” өвлийн олимпын үеэр дэлхий даяар “гал” зогсоохыг уриалж байна

Итали улс “Милано-Кортина 2026” өвлийн олимпын үеэр дэлхий даяар “гал” зогсоохыг уриалж байна

Агаарын тээврээр зорчигчийн тоо өсжээ

Агаарын тээврээр зорчигчийн тоо өсжээ

“Гурван цагийн өнгө төрх” тусгай үзэсгэлэн хөшгөө нээлээ

“Гурван цагийн өнгө төрх” тусгай үзэсгэлэн хөшгөө нээлээ

Хог хаягдал, ойжуулалт, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах боломжтой

Хог хаягдал, ойжуулалт, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татах боломжтой

НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө

НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө

АХБ: Өлсгөлөн ба таргалалтын аль аль нь бидний хүүхдүүдийг “отож” байна

АХБ: Өлсгөлөн ба таргалалтын аль аль нь бидний хүүхдүүдийг “отож” байна

“Хасын хүлэгүүд” Японы “Тоёота” корпорацын ивээн тэтгэдэг “Алварк” багийг хожлоо

“Хасын хүлэгүүд” Японы “Тоёота” корпорацын ивээн тэтгэдэг “Алварк” багийг хожлоо

Электрон тамхины зар сурталчилгаа нь өсвөр үе, хүүхдүүдийн хэрэглээнд их нөлөөлж байна

Электрон тамхины зар сурталчилгаа нь өсвөр үе, хүүхдүүдийн хэрэглээнд их нөлөөлж байна

“Эмээлт“ эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна

“Эмээлт“ эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар

ӨНӨӨДӨР: Нийт шүүгчийн III чуулган болно

ӨНӨӨДӨР: Нийт шүүгчийн III чуулган болно

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

С.Батсүх: МОНЦАМЭ агентлаг сонинуудыг, Элчингүүдийг, улсын архивыг гэрэл зургаар хангадаг байлаа

С.Батсүх: МОНЦАМЭ агентлаг сонинуудыг, Элчингүүдийг, улсын архивыг гэрэл зургаар хангадаг байлаа

Монгол Улс англи хэлний олимпиадын дэлхийн аваргатай боллоо

Монгол Улс англи хэлний олимпиадын дэлхийн аваргатай боллоо

Газын асуудлаарх хэлэлцээ нааштай явагдаж байна

Газын асуудлаарх хэлэлцээ нааштай явагдаж байна

Хүндийн өргөлтийн ДАШТ-ий үеэр олон дээд амжилт шинэчлэгджээ

Хүндийн өргөлтийн ДАШТ-ий үеэр олон дээд амжилт шинэчлэгджээ

Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана

Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана

Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо

Нүүрстэй холбогдох гэрээ хэлэлцээ, бусад баримт бичгийг ил болголоо

Энхийг сахиулагчдад төрийн одон медаль гардууллаа

Энхийг сахиулагчдад төрийн одон медаль гардууллаа

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын ба түр хороод

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын ба түр хороод

ӨНӨӨДӨР: “Нөөцийн өрсөлдөөн: Стратегийн ашигт малтмал ба улс төр“ хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Нөөцийн өрсөлдөөн: Стратегийн ашигт малтмал ба улс төр“ хэлэлцүүлэг болно

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо

Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо

Их Британид “BYD”-гийн борлуулалт 880 хувиар өсжээ

Их Британид “BYD”-гийн борлуулалт 880 хувиар өсжээ

Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар 2026 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ

Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар 2026 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ

Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

Азийн залуучуудын наадамд өрсөлдөх тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

Азийн залуучуудын наадамд өрсөлдөх тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа

“Хасын Хүлэгүүд” багийнхан Японыг зорилоо

“Хасын Хүлэгүүд” багийнхан Японыг зорилоо

Их аварга Хакүхо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөлөгчид Олимпик хауст зочиллоо

Их аварга Хакүхо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөлөгчид Олимпик хауст зочиллоо

Ус ашигласны бүртгэлийг бүрэн цахимжуулсан байна

Ус ашигласны бүртгэлийг бүрэн цахимжуулсан байна

Газын зурваст дайныг зогсоох асуудлаарх хэлэлцээ эхэлжээ

Газын зурваст дайныг зогсоох асуудлаарх хэлэлцээ эхэлжээ

ӨНӨӨДӨР: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яамнаас танилцуулна

ӨНӨӨДӨР: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яамнаас танилцуулна

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Нобелийн долоо хоног эхэллээ

Нобелийн долоо хоног эхэллээ

Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ

Францын шинэ Ерөнхий сайд огцорчээ

БГД-ийн 20-р хороонд 3621 ам.метр газарт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ

БГД-ийн 20-р хороонд 3621 ам.метр газарт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна

Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна

Японы хувьцаануудын ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Японы хувьцаануудын ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа

И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо

И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо

Өнөөдөр: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалахтай холбогдуулан мэдээлэл хийнэ

Өнөөдөр: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалахтай холбогдуулан мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж 7-9 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж 7-9 хэм дулаан байна

Такаичи Санаэ Японы эрх баригч намын даргаар сонгогдов

Такаичи Санаэ Японы эрх баригч намын даргаар сонгогдов

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Улаанбаатар өдөртөө 12-14 хэм дулаан байна

Улаанбаатар өдөртөө 12-14 хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн“-г ирэх сард ашиглалтад оруулна

“Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн“-г ирэх сард ашиглалтад оруулна

Хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг танилцуулжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг танилцуулжээ

“OpenAI” дэлхийн хамгийн үнэ цэнтэй гарааны компани болжээ

“OpenAI” дэлхийн хамгийн үнэ цэнтэй гарааны компани болжээ

Монголын баг тамирчид Испанийн Kelme брэндийн спортын хувцас өмсөнө

Монголын баг тамирчид Испанийн Kelme брэндийн спортын хувцас өмсөнө

Итгэхийн өмнө шалга...

Итгэхийн өмнө шалга...

Хүний арьсны ДНХ-ээс анх удаа үр хөврөл бий болгожээ

Хүний арьсны ДНХ-ээс анх удаа үр хөврөл бий болгожээ

ӨНӨӨДӨР: “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа нээлтээ хийнэ

ӨНӨӨДӨР: “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа нээлтээ хийнэ

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар