БРЮССЕЛЬ, 2025 оны гуравдугаар сарын 7 /VOA/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын удирдагчид Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын явцад батлан хамгаалах салбарын зардлыг эрс нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас "батлан хамгаалахын асуудлаар цаашид өөрсдийн хүчинд найдах хэрэгтэй" гэсэн сануулга дохиог өгсний дараа энэ шийдвэрийг гаргасан байна.
ЕХ-ны орнууд батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэхийн тулд төсөвт тогтоосон хязгаарлалтыг сулруулах шийдвэрийг дэмжжээ. Ингэснээр 650 тэрбум евро гаргах боломжтой гэж Европын Комисс тооцоолсон байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр мөн ЕХ-ны орнуудад зориулж 150 тэрбум еврогийн зээлийн сан байгуулах тухай Европын Комиссын саналыг баталжээ. Энэ сан нь агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах систем, их буу, сум, нисгэгчгүй онгоц, нисгэгчгүй нисэх онгоцны довтолгооноос хамгаалах систем худалдаж авах зэрэг хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх юм.
Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен “ReArm Europe” төлөвлөгөөг энэ долоо хоногийн эхээр танилцуулсан юм. Төлөвлөгөөнд тусгаснаар ЕХ-ны орнууд батлан хамгаалах үүргийг өөртөө хүлээсний сацуу Украиныг цаашид дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!