Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Любляна хотноо энэ 5 дугаар сарын 15-наас 26-ны өдрүүдэд болж буй “Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх конвенц” батлах Дипломат бага хурлын нээлтэд Үндсэн бүлгийн гишүүн орны хувьд оролцож, үг хэлэв.
Сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ тус конвенц нь төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны болон олон улсын бусад онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааны чухал хэрэглүүр болохыг онцолж, конвенцын төслийг дэмжигч 80 улсад талархал илэрхийлж, олон улсын эрүүгийн эрх зүйн системд буй цоорхойг нөхөх ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.
Дипломат бага хуралд нийт 70 гаруй улс, олон улсын байгууллагын 260 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэхүү конвенц батлах санаачлагч Үндсэн бүлгийн гишүүн 6 улс нь Монгол Улс, Аргентин, Бельги, Нидерланд, Словени, Сенегал Улс болно.