Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гарган хамт олноо манлайлан ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудыг төрийн одон медалиар шагналаа.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нар гардуулав.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан маань хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж, дасан зохицож ажилласан. Эмч, ажилчдын цагийн хуваарийг багасгах боломжгүй байсан тул амралтгүй, урт хугацаагаар ажиллаж байлаа. Нийслэлийн иргэд болон хотын удирдлагуудын нэрийн өмнөөс та бүхэндээ талархаж буйгаа илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэв.
Ийнхүү Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд дундаас Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан цол тэмдгээр хоёр, Хөдөлмөрийн хүндэт медалиар зургаа, Алтан гадас одонгоор нэг хүн шагнууллаа.
Алтан гадас одонгоор шагнуулсан Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн сувилагч Ж.Батсайхан “Би эрүүл мэндийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Бага байхаасаа л эмнэлгийн байгууллагад ажиллах мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Шагнал авахаа өчигдөр орой л мэдсэн болохоор үнэхээр их баярлаж, сандарч байна. Үргэлж дэмжиж байдаг хамт олондоо болон гэр бүлдээ талархлаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан Хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн эмч С.Эрдэнэчимэг “Би хүүхэд байхдаа “Ирээдүйд эмч болоод олон хүн эмчилнэ” гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдөлдөө ч хүрсэн. Эрүүл мэнд бол эцэг эх, асран хамгаалагч, гэр бүл, эмнэлгийн ажилтан, нийгэм гээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэр дундаа сэргээн засах эмчилгээ нь аливаа өвчин эмгэгийн улмаас алдагдсан эрүүл мэндийг аль болох богино хугацаанд сэргээх зорилготой маш чухал салбар. Тийм ч учраас 1992 оноос хойш 31 дэх жилдээ хүүхдийн сэргээн засах их эмчээр ажиллаж байгаа. Өнөөдөр ийнхүү шагнал авсандаа баяртай байна. Бүгдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС