Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн удирдлага, албан хаагчдын дунд хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт, орчны хяналт шинжилгээний тухай мэдлэг олгох 2 сарын сургалт үргэлжилж байна.
Байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөс 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 3 дугаар сарын 27-ны хооронд Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байгаа юм.
Сургалтын эхний өдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нээж үг хэлэхдээ: ”Уул уурхайн нөхөн сэргээлт, усны ашиглалт, байгаль орчны нөлөөлөл, үнэлгээ зэрэг олон асуудлыг хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй бөгөөд хариуцлагагүй уул уурхайгаас татгалзах, хамтран ажиллах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
Уг сургалтын зорилго нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оршино.
Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах аргачлал, химийн хорт болон аюултай бодис, усны тухай эрх зүйн орчин, хог хаягдлын эрх зүйн орчны талаар мэдлэг олгох юм.
Түүнчлэн суралцагчдыг тэрбум мод үндэсний хөдөлгөөний мод тарих, ойжуулалт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, олон улсын сайн туршлага, орчны хяналт, шинжилгээ хийх арга, аргачлалын талаарх нэгдсэн мэдлэг олгож чадавхижуулах юм.