“Бали-2023” дэлхийн элсний наадмын багийн ахлагч нарын хурал дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд явагдаж, тус хуралд 61 Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны 150 гаруй төлөөлөгч оролцов.
Хуралд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Бали-2023” наадмын Монголын багийн ахлагч Ч.Амарсанаа оролцлоо.
Багийн ахлагч нар энэ үеэр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсож, тэмцээн уралдаан зохиогдох газруудтай танилцав.
Наадмын зохион байгуулагч Үндэсний олимпын хороодын холбооны зүгээс Тогтвортой байдлын үзэл баримтлалыг үндсэн зарчим болгож, үүний хүрээнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах чиглэлд анхаарлаа хандуулахыг улс орнуудад уриалав.
Үндэсний олимпын хороодын холбоо дээрх уриалгын хүрээнд нэг удаагийн хуванцар савны хэрэглээг эрс багасгахыг зорьж буй бөгөөд дэвшилтэт технологи нэвтрүүлэгч Bluewater компанитай хамтран ажиллаж буйгаа танилцуулав. Хурлын үеэр оролцогчид тус компанийн үйлдвэрлэсэн дахин ашиглах боломжтой, металл дотортой эко усны сав хэрэглэсэн юм.
Дэлхийн элсний II наадам 2023 оны наймдугаар сарын 5-12-ны өдрүүдэд Бали аралд зохиогдох бөгөөд 100 гаруй орны тамирчид үндсэн 10, нэмэлт 4 спортын төрлөөр өрсөлдөх болно.