Өнгөрсөн 2022 онд Дорнод аймагт байрлах “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяр ахлагчтай ажлын хэсэг очиж ажиллаж байсан.
Ажлын хэсэг тус компанийн ашиглагдаж буй хэмжих хэрэгслийг Монгол Улсын хэмжил зүйн тухай хуулийн дагуу хэмжих хэрэгслийг шалгалт, баталгаажуулалтанд хамруулах ажлыг эхлүүлсэн.
Үүний дагуу, Хэмжил зүйн тухай хуулийн 8, 9, 10 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Дорнод аймгийн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний Тосон-Уул XIX талбай болон Тамсаг XXI талбайд ашиглаж байгаа хэмжих хэрэгслүүдэд Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын ажлын хэсэг 2023 оны 4 дүгээр сарын 17-28-ны өдрүүдэд очиж ажиллан шалгалт, баталгаажуулалтыг хийлээ.
Тодруулбал, тус компаний 1618 ширхэг техникийн манометрүүд болон 201 ширхэг шилэн термометрүүдэд шалгалт, баталгаажуулалтыг СХЗГ-ын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын дарга Л.Баярхүү, Дулаан, даралт, эрүүл мэндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн улсын шалгагч М.Серикбол, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн улсын шалгагч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн байна.
Ажлын хэсэг тус компанийн хариуцсан албан хаагчдад “Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам”, “Шалгалт баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалт”-ын тухай мэдээлэл өгч, жил бүр шалгалт, баталгаажуулалтанд хамрагдаж байхыг зөвлөлөө.