МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Спортын сайд, Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Гао Жидан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ноён Гао Жидан Монгол Улс ирэх наймдугаар сард Зүүн Азийн залуучуудын наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад Ханжоу хотноо болох Азийн наадамд оролцох Монголын тамирчдад амжилт хүсэв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын урилгаар Бээжин хотноо айлчилж, ноён Гао Жидантай цар тахлын дараа биечлэн уулзаж, хоёр орны ҮОХ-дын хамтын ажиллагааны талаар санал солилцох болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв.
Мөн БНХАУ Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, “Ханжоу 2022” Азийн наадмын өмнө хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар уулзаж буй нь цаг үеээ олсон гэж үзэж байна гэв.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, судалгааны үндсэн дэээр цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр тохиров.
Түүнчлэн шинэ тутам хөгжиж буй спортыг дэмжих, спортын дэд бүтэц, чадварыг харгалзан тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах, тэр дундаа залуучуудын дунд спортын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр харилцан зөвшилцөлд хүрэв.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн наадмын үеэр Монголын өв соёлыг сурталчлах Mongolian House төслийг хэрэгжүүлэх болон Монгол Улс ирээдүйд ОУОХ-ны чуулган, залуучуудын олимпын наадмыг хүлээн авах сонирхолд дэмжлэг үзүүлэхийг БНХАУ-ын талаас хүслээ.
Ноён Гао Жидан эдгээр асуудлыг бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.