Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Б.Саранчимэг нарын эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр (2023.05.17) Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайдуудтай уулзлаа.
Элчин сайдууд 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Энэ үеэрээ УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу Эмэгтэй гишүүдийн бүлгээс энэхүү уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Европын холбоо, Финланд, Итали, Бүгд найрамдах Словени, Швед зэрэг улсуудын Элчин сайд нар оролцсон. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх, хүйсийн тэгш оролцоо буюу жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангасан талаараа Элчин сайд нар улс улсынхаа туршлагаас хуваалцаж, талууд сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцлоо.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгт энэ удаагийн парламентад сонгогдсон 13 гишүүн нам харгалзахгүй хамтран ажилладаг бөгөөд нийгэмд тулгамдаад буй асуудлуудаар хамтдаа гарц шийдэл боловсруулан ажилладаг юм.
Тус бүлэг НҮБ болон Европын Холбоотой хамтран төсөл хэрэгжүүлэн ажилласны үр дүнд УИХ-д өргөн баригдсан, хэлэлцүүлгийн шатанд буй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийг оролцоог хангахтай холбоотой дэвшилттэй заалтууд багтсан. Тиймээс үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа талаараа эмэгтэй гишүүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.