“Экспорт, импортын зөвшөөрөл олгох, хянах үйл ажиллагааг цахимжуулах-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Гаалийн ерөнхий газарт зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Стандарт хэмжил зүйн газрын БТБГ-ын ахлах мэргэжилтэн Д.Болормаа, мэргэжилтэн Г.Ишжамц нар оролцсон юм.
Хэлэлцүүлгийн зорилго нь Гаалийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газартай хамтран Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр төрийн хяналтын доор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-ыг хэрэгжүүлэгч байгууллагууд, импорт, экспортын бараанд тусгай зөвшөөрөл олгодог байгууллагуудын уялдаа холбоог хангах юм.
Мөн цахимаар мэдээлэл солилцох үйл ажиллагааг боловсронгуй болгох, зарим мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг судлах, хүнд суртал, чирэгдэл үүсгэх, ашиг сонирхлын зөрчил бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Хэлэлцүүлэгт үйл ажиллагааг зохицуулж байгаа дүрэм журмыг боловсронгуй болгож, хяналт тавьж байгаа хэрэгжүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжид тодорхой болгох, цахим мэдээллийн салбар дундын нэгдсэн платформ үүсгэх, лабораторийн сорилтын дүнг цахимаар солилцох, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, холбогдох шийдлийг гарган, хэлэлцүүлгийн мөрөөр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж гаргасан байна.