Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Бангкок хотноо зохион байгуулагдав.
Хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, зөвлөлийн Монголын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Тайландын Гадаад хэргийн дэд сайд, Тайландын хэсгийн дарга Вижават Исарабхакди нар хуралдааныг ахалж оролцов.
Хуралдааны үеэр талууд хоёр Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу 2024 онд тохиох Монгол,Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Талууд Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, соёлын өдөр, эрдэмтэн судлаачдын онлайн дугуй ширээний хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиров. Түүнчлэн “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт тус тус хүргэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд нотлов.