Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д 2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт 3171 иргэн хандсан байна. Үүнээс 417 хэрэглэгчийн 101.205.980 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулж, барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллалаа.
Мөн хугацаанд 115 утсанд 2600, чатботод 259, и-баримт аппликейшнд 140, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 172 гомдол мэдээлэл ирлээ. Гомдол гаргасан 2328 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 26 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 142 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 25 хэрэглэгчийн гомдлыг өргөдлөөр оруулан, 205 хэрэглэгчийн гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдэн, 27 иргэний гомдол мэдээллийг хариуцах салбарт шилжүүллээ.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 1100, харилцаа холбоо 463, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 89, цахилгаан 65, банк, санхүү, даатгал 303, барилга 97, боловсрол 63, контор 177, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 62, СӨХ 124, өрсөлдөөн 47, түрээс 9, НӨАТ 65, тасалбар 25, шатахуун 41, эрүүл мэнд 85 бусад асуудлаар 325 иргэн хандсан байна.