Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, түүний урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд Катрин Колонна нар хоёр талын уулзалт, хэлэлцээ хийлээ.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европ, “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-д хамтран зохион байгуулагчаар оролцож, Улаанбаатарт айлчилж байгаад нь Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд К.Колоннад талархал илэрхийлж, энэ нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг түүхэн шинэ хуудсаар баяжуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрээр Монгол,Францын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх, эдийн засаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хоёр улсын Төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлыг эрчимтэй урагшлуулахаар ажиллаж байгаагаа нотлов.
Европ, гадаад хэргийн сайд К.Колонна Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны Монголд Улсад хийсэн түүхэн айлчлалын мөрөөр тус улсад анхны айлчлалаа мөн хийж байгаад баяртай байгаагаа онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирэх 10 дугаар сард Франц Улсад хийх төрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэх, хоёр улсын стратегийн нийтлэг зорилтуудыг урагшуулахад онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлэв.
Талууд хоёр талын харилцаа болон олон улсын харилцааны олон чухал асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд Монгол,Франц улсын НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд өрнүүлж буй хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн ажиллахаа нотоллоо.