Монгол Улс болон Катаро улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өчигдөр /2023.02.12/ гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид Катар Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, ийнхүү санамж бичигт гарын үсэг зурсан байна.
“МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/22 тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон.
Мөн уулзалтаар хоёр улс хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг тохирч үзэглэсэн. Уг хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохирлоо.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.
Эх сурвалж: ЗТХЯ