Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төрийн үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлэх салбар дундын уулзалт боллоо.
Энэ уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулах, аав ээж асран хамгаалагчдын саналыг авах юм.
Энэ оны эхний уулзалт мягмар гарагт /2023:01.24/ болов. Уулзалтад БШУЯ, ЭМЯ, ХНХЯ-ны төлөөлөл оролцож мэдээлэл өгсөн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх асран хамгалагчид төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга орчим хүүхэд байдаг.
Энэхүү уулзалтаар Тусгай сургуулийг хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх төв болгох, Насан туршийн боловсролын төвд суурилсан үйлчилгээ үзүүлэх, хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллах, гэр бүлийн орчинд явуулын үйлчилгээ үзүүлэх гэсэн дөрвөн боломж байгааг Боловсрол шинжлэх ухааны сайд танилцуулсан.
Уулзалтад оролцсон эцэг эх, асран хамгаалагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш, боловсон хүчин дутмаг байдаг талаар онцлон хэлж байв.