Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Үндэсний Батлан хамгаалах яам, Агаарын өөрийгөө хамгаалах хүчний төлөөлөгчид нэгдүгээр сарын 22-25-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцахаас гадна холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.
Айлчлалын хүрээнд БХЯ-ны ГХАГ-ын дарга хурандаа Т.Наранхүү 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор агаарын цэргийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид агаарын цэргийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, төрлийн цэргийн командлалуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг тодорхой чиглэлээр санал солилцлоо.
Монгол Улсын Батлан хамгаалах яам 2014 оноос хойш Япон Улсын Үндэсний Батлан хамгаалах яамтай хамтран цэргийн салбарын “Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд цэргийн инженер, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, дадлагажуулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оноос агаарын цэргийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаагаар харилцаагаа өргөжүүлж байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.