Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллах үед татварын бодлогоор дэмжих, урт хугацаатай, хүү багатай зээл олгох хүсэлт их гарч байсан юм.
Энэ дагуу Засгийн газраас "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолд татварын дэмжлэг үзүүлэхээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-аар хэлэлцүүлж батлуулаад байна.
Ингэснээр:
- Газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил,
- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн,
- Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөөд байна.
Мөн импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөлжээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлж байна.
Б.Оюундэлгэр