Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулсан Монгол-Беларусын бизнес форум МҮХАҮТ-ийн байранд боллоо.
Бизнес форумыг Монгол, Беларусын худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр орны 200 гаруй бизнес эрхлэгч оролцов.
Монгол Улсад бизнес эрхлэх хууль эрх зүйн болон татварын орчны талаар монголын талаас мэдээлэл өгсөн бол “Беларус Улсын аж үйлдвэрийн чадавхи”, “Биржийн арилжаа нь Монгол-Беларусын худалдааг хөгжүүлэх орчин үеийн хэрэгсэл” зэрэг сэдэвтэй илтгэлийг Беларус улсын талаас танилцууллаа.
Беларусын хүнсний үйлдвэрлэгчид мөн өөрсдийн бүтээгдэхүүнийг амталгааг зохион байгуулав.
Форумын төгсгөлд “Монгол Улс, Бүгд Найрамдах Беларус Улсын хамтын ажиллагааны хөгжлийн 2024-2026 оны замын зураглалын эдийн засгийн хэсгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Беларусын талаас Аж үйлдвэрийн сайд Александр Рогожник нар гарын үсэг зурав.
Түүнчлэн Монголын “Овоот Толгой Ресурсес” ХХК Беларусын “Белаз” ХК-ийн орон нутгийн төлөөлөгч Юнайтед Мерес Машинери ХХК-тай, “Бест Елевэйторс” ХХК “Могилевлифтмаш” ХК-тай тус тус санамж бичиг байгуулав.
Монгол-Беларусийн бизнес форум нь хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсоныг талууд онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: ГХЯ