НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн Гран при” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
“Эмэгтэйчүүдийн дэлхийн Гран при” тэмцээнийг зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тэмцээнд Австри, Украин, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг оролцоно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын үндсэн шигшээ багийн хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна.
Харин 6 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Монгол Улсад түүхэндээ анх удаа 3x3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Дэлхийн Их дуулга тэмцээн нь “Улаанбаатар дэлхийн Их дуулга” нэртэйгээр зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний 10 байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Литва улсын “Раудондварис” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө.
Ташрамд сонирхуулахад, Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр Урбан спортын 10 төрлийг танилцуулах өдөрлөг болохын зэрэгцээ хоолны өдөрлөг болно.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС