Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.
Энэхүү арга хэмжээг Туркменистаны төр, Засгийн газраас тус улсын нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд тус форумд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг улсын төрийн тэргүүн нар болон Азербайжан, Ирак, Турк улсаас өндөр түвшинд төлөөлөгчид мөн оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч форумын хүрээнд зарим улс орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Нэрт яруу найрагч Махтумгулы Фраги-гийн уран бүтээлүүд нь Туркменийн ард түмний эв нэгдэл, найрамдлын үзэл санаан дээр суурилсан бөгөөд өнөөг хүртэл залуу үеийнхний эх оронч үзэл, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй талаар судлаачид тэмдэглэсэн байна.
2023 онд ЮНЕСКО-гоос Туркменийн яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тогтоол гаргаж, түүнийг “Дэлхийн дурсамж”-ийн бүртгэлд оруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!