Токио хотноо өнөөдөр мэргэжлийн сумо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын Хацү башёгийн 3 дахь /01.14/ өдрийн барилдааны тоймыг сонирхуулж байна.
Дээд буюу Макүүчи зиндаанд Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй Монголын 8 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Монголын сумоч Тамашохо Эрдэнэбилэгийн Энхманлай /М-16/ энэ башёд анх удаа Макүүчид дэвшин барилдаж байгаа бөгөөд энэ өдөр Токихаяате /М-17/-тэй учраа таарч түүнд ёрикири мэхээр ойчиж 1 даваа, 2 унаатай боллоо.
Энэ өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/, Такерүфүжи /М-11/-тэй хүчээ сорин барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 1 даваа, 2 унаатай болов.
Сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Мидорифүжи /М-11/-тэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр унагаж 3 даваатай энэ башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-9/, Мейсэй/М-10/-тэй учраа таарч түүнд окүридаши мэхээр унаж 2 унаа 1 даваатай байна.
Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, энэ өдөр Ичияамамото /М-6/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давж 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ башёд аварга цол авах эсэхээ шийдэх Озэки Хошёорюү С.Бямбасүрэн Комүсүби Вакатакакаге-тэй хүчээ сорин түүнийг цүкидаши мэхээр давж 3 даваатай боллоо.
Озэки Котозакура, Тобизарюү /М-2/-тэй учраа тааран хүч үзэж түүнд хикиотоши мэхээр унаснаар Котозакура 2 унаа, 1 даваатай болов. Харин Тобизарюү 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Озэки Оносато энэ өдөр Таканошёо /М-1/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 1 унаа, 2 даваатай болоод байна.
Өнгөрсөн оны сүүлийн 4 башёд бэртлийн улмаас өнжөөд байсан 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацү башёгийн 3 дахь өдөр Киришима Б.Лхагвасүрэн /М-1/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давлаа.