Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-нд Тайландын нийслэл Бангкок хотод эхлэх бөгөөд 4 өдөр үргэлжлэх тус тэмцээнд 30 орны 295 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ.
Тэмцээнд манай улсаас ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд нийт 18 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Ингэхдээ эрэгтэйчүүдийн 73, -100, эмэгтэйчүүдийн 52, 70 кг-д тус бүр хоёр тамирчин оруулах юм.
Тамирчдын эхний хэсэг өнөөдөр Бангкок хотыг зорилоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг жинд зодоглох тамирчин өнөөдөр тэмцээн болох орны зорьж байгаа бол хүнд жингийнхэн буюу эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д барилдах тамирчид энэ сарын 25-нд эх орноосоо мордох ажээ.
Бүрэлдэхүүнийг танилцуулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар дэвжээнд гарах юм. Багийн барилдааны +90 жинд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц зодоглох ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!