Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын шигшээ багийн 10 тамирчнаас 2 тамирчин медалийн төлөөх тулаанд шалгарч өрсөлдөгчдөө ялнаар хүрэл медалийн болзол хангаад байна.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг жинд Монголын шилдэг тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ, ОБЕГ харъяа Аврагч спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг баасан гарагт /2025.09.12/ медалийн төлөө Японы Хикару Шинохараг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
Алтанцэцэг хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар илт давуугаар ялалт байгуулж дэлхийн рингнээс дараалан медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр өнөөдөр буюу 2025.09.13-ны орой Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө хүч, ур чадвараа сорин тулалдах юм.
Харин Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг жинд Монголын залуу тамирчин, Алдар спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга медалийн төлөө Испанийн тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангалаа.
А.Баттулга өнөөдөр буюу 2025.09.13-ны орой мөнгөн медалийн төлөө Японы тамирчинтай хүчээ сорин тулалдана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!