Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Компланыг хүлээж авч /2023.02.01/ уулзлаа.
Сайд уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцлоод хамтын ажиллагааны нэгэн жарны хугацаанд Хүүхдийн сан Улс орны хөтөлбөрөөрөө дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг тэр дундаа эрүүл мэндийн салбарын зорилт, арга хэмжээнүүдийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.
Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хийж хэрэгжүүлэх сумдын ЭМТ-ийн усан хангамжийг сайжруулж, боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг энэ онд эрчимжүүлэхэд онцойлон анхаарахыг С.Чинзориг сайд, Суурин төлөөлөгчөөс хүслээ.
Эваристе Коуасси-Компланы хувьд усан хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр улс орнуудад ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2021 оны 12 дугаар сард Монгол Улсад томилогдож ирснээс хойш 11 аймгаар орж хөдөөгийн аж амьдрал, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудалтай танилцаад амжсан байна. Тиймээс эрүүл мэндийн салбар, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулахад үр дүнтэй хамтран ажиллах итгэлтэй байгаагаа онцлоод Люксембургийн Вант улсын Засгийн газрын санхүүжилтээр Монголд хэрх өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлэхээр болсныг дуулгасан юм.