Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ерөнхий ажлын хэсгийн хуралдаан болов.
Хуралд ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцож, бэлтгэл ажлын явц, дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөтэй танилцаж, ажлын хэсгийн дарга нарт мэдээ, мэдээлэл болон мэргэжлийн заавар зөвлөмжийг өгч ажилласан юм.
Мөн хурлын үеэр дүүргийн ажлын хэсгийн ахлагчийн орлогч Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Д.Мөнхбаяр ажлын хэсгүүдэд хариуцсан чиглэл бүрээр шаардлагатай мэдээ мэдээллийг бүрдүүлж ажиллах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.