ЛОНДОН, 2026 оны нэгдүгээр сарын 21 /TASS/. Лондон Сити дүүргийн ойролцоо Хятадын Элчин сайдын яамны шинэ байрыг барихыг Их Британийн засгийн газар зөвшөөрсөн явдалд АНУ-ын засаг захиргаа санаа зовниж байгаагаа илэрхийлсэн тухай The Daily Telegraph сонинд Цагаан ордны өндөр албан тушаалын эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
“Хамгийн ойрын холбоотнуудынх нь чухал дэд бүтцийг өрсөлдөгч тал нь ашиглах вий гэдэгт АНУ-ын эрх баригчид гүнээ санаа зовниж байна” гэж эх сурвалж ярьсан байна.
Өмнө нь Америкийн албаныхан БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн газрыг Лондон Ситигийн ойролцоо орших түүхэн ач холбогдол бүхий Хатан хааны зоосны ордны (Royal Mint) барилгад нүүлгэн байрлуулж, дотор талыг нь шинэчлэн засварлах нь газар доогуур татагдсан чухал харилцаа холбооны дэд бүтцэд нэвтрэх боломжийг Хятадын талд олгож болзошгүй хэмээн удаа дараа анхааруулж байжээ. Тэдний үзэж байгаагаар, энэ нь Их Британи төдийгүй түүний холбоотнуудын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах эрсдэлтэй гэж мэдэгдэж байсан юм. Харин Хятадын тал эл мэдэгдлийг няцааж, зохиомол, санаатайгаар гүтгэсэн худал мэдээлэл хэмээн тодорхойлжээ.
Хятадын талын 2018 онд худалдан авсан 2 га талбайд барих дипломат байгууллагын барилга нь ширүүн маргаан дагуулж, хэдэн сарын турш хойшлогдсон байна. Тухайлбал, Тауэр-Хэмлетс дүүргийн зөвлөл “аюулгүй байдлын үүднээс” хэмээн татгалзсан төдийгүй Лондон хотын оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарчээ.
The Daily Telegraph сонинд мэдээлснээр, дургүйцсэн иргэд 50 мянган фунт стерлинг (67 мянган ам.доллар) цуглуулж, шүүхэд хандах гэж байна.
Их Британийн хэвлэлүүдэд бичсэнээр, Хятадын Элчин сайдын яамны шинэ байр нь Европ дахь Хятадын хамгийн том дипломат төлөөлөгчийн газар болох ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!