БНХАУ-аас Монгол Улсыг хавсран хамаарч буй Бүгд Найрамдах Малави улс (БНМУ)-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Аллан Жозеф Чинтедза тэргүүтэй төлөөлөгчид (Элчин зөвлөх ноён Оливер Кингстоун Чимфамбано, Консул ноён Фредерик Малайр)-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хүлээн авч, хоёр улсын хамтын ажиллагааг хүнс, хөдөө, аж ахуйн салбарт тулгуурлан хөгжүүлэх талаар санал солилцов.
Хоёр улсын хувьд далайд гарцгүй, хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийн тулгуур салбар болдгоороо ижил төстэй боловч БНМУ-ын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 500 ам.доллар, мал аж ахуйн салбар сул хөгжсөн байдаг байна.
Иймд Малави улсын талаас мал аж ахуйг хөгжүүлэх тал чиглэлээр Монголоос туршлага судлах, газар нутаг хязгаарлагдмал тул аль болох бага тариалангийн газраас их ургац хураах туршлагаа хуваалцах, Монгол Улсын мал аж ахуй, уул уурхайн чиглэлээр боловсруулах үйлдвэрлэлийн туршлагаас суралцах, улмаар БНМУ-ын гадаад худалдааны тэнцлийг өсгөх чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан.
2023 оны 06 дугаар сард БНМУ-ын Гадаад харилцааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нар БНХАУ-д ажлын айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад айлчлах үеэр яамд хооронд Харилцан ойлголцох санамж бичиг байгуулах боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ.