БЭЭЖИН, 2026 оны гуравдугаар сарын 5 /DW/. Хятадын эрх баригчид энэ онд Дотоод нийт бүтээгдэхүүнийг 4.5-5 хувийн түвшинд өсгөх зорилт тавьсан нь 1991 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.
Сүүлийн гурван жилийн турш Хятадын эрх баригчид уг үзүүлэлтийг дараалан “5 орчим хувь”-ийн түвшинд тогтоож иржээ. ДНБ-ий өсөлтийн таамгийг ийнхүү бууруулсан нь дэлхий дахины байдал улам тогтворгүй болж, тэр дундаа Украин, Ираны дайн, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын үед даамжирч буй худалдааны дайны үр дагавартай холбон тайлбарласан байна.
Уг эдийн засгийн талаарх таамаг буурсанд Хятадын дотоодын эдийн засгийн асуудлууд мөн нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Тус улсад үйлдвэрлэл идэвхтэй хэвээр байгаа боловч хэрэглээ сул тэнцвэргүй байгаа бөгөөд ажилгүйдлийн асуудал хурц хэвээр байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал арилаагүй байна.
Шинжээчдийн тэмдэглэснээр, Хятадын эдийн засгийн загвар аж үйлдвэр болон экспортод түшиглэсэн хэвээр байна. Шинэ таван жилийн төлөвлөгөөнд технологийн хөгжлийг хурдасгах, хиймэл оюуныг иргэдийн өдөр тутмын амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх явдлыг тусгах төлөвтэй байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!