ЭЛЬ-КУВЕЙТ, 2026 оны гуравдугаар сарын 16 /Kazinform/. Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Оросын цэргийн онгоцоор нууцаар Москвад авчран эмчилж байна. АНУ, Израилын зэвсэгт хүчин Иранд цохилт өгөх үеэр тэрбээр шархадсан тухай Кувейтийн Al-Jarida сонинд мэдээлсэн байна.
Мэдээлэлд дурдсанаар, Оросын Ерөнхийлөгч В.Путин Ираны Ерөнхийлөгч М.Пезешкиантай утсаар ярих үеэрээ М.Хаменеиг Москвад эмчлэх санал тавьсан ажээ. Ирэнгүүт нь түүнд хагалгаа хийсэн нь амжилттай болсон бөгөөд одоо ерөнхийлөгчийн өргөөнүүдийн нэгэн дэх тусгай эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Хаменеиг Москвад авчрах шийдвэрийг чанартай эмнэлгийн тусламж үзүүлэх, Израил довтолсоор буй үед аюулгүй байдлыг нь хангах үүднээс гаргажээ.
Можтаба Хаменеи Ираны дээд удирдагчаар сонгосон нь энэ сарын 9-ний өдөр тодорхой болсон юм. Өмнө нь мэдээлснээр, дайн эхэлсэн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 28-нд агаарын цохилтод өртөн түүний эцэг Али Хаменеи амиа алдаж, Можтаба шархадсан байна.
Өнгөрсөн долоо хоногт тэрбээр ард түмэндээ хандан анх удаагаа үг хэлсэн бөгөөд түүний мэдэгдлийг төрийн мэдлийн телевизээр уншиж, хэвлэлүүдэд тараажээ. Харин шинэ дээд удирдагч өөрөө камерын өмнө гарч ирээгүй юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!