Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ууган үйлдвэр "СҮҮ" ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус компанийн SUUPER, Hi High хэмээх шинэ брэндийг нээж, анхны бүтээгдэхүүний дээжийг хүлээн авлаа.
SUUPER брэнд нь “Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зах зээлд шинээр нэвтэрлээ. SUUPER хэмээх нэр нь "Suu per person" буюу "Хүн бүрд сүү" гэсэн утгатай бөгөөд орчин үеийн хүүхэд залуусын хэрэглээнд нийцсэн бүтээгдэхүүн юм.
Энэхүү брэнд нь хэрэглэхэд хялбар савлагаа бүхий натурал, карамелтай милк шэйк болон манго, хад жимстэй йогурт зэрэг 4 төрлийн хөлдөөсөн бүтээгдэхүүнээс бүрдсэн. Үүнийг хөлдүүгээр нь хэрэглэх зориулалттай бөгөөд дулааны улиралд хэрэглэхэд нэн тохиромжтой. Мөн SUUPER брэндийн 200 мл-ийн тетрапак савлагаа бүхий соруултай шоколад, гүзээлзгэнэ, натурал гэсэн гурван төрлийн амтат сүүг шинээр худалдаанд гаргалаа.
Харин Hi High брэндийн тухайд гэвэл “Өндөөр болоорой” уриан дор хүүхдүүддээ зориулан үйлдвэрлэсэн шоколад, гүзээлзгэнэ, карамель зэрэг 3 төрлөөс бүрдсэн сүү нь хүүхдэд шаардлагатай кальц, уургаар баялаг бөгөөд ясыг бэхжүүлж өсөлтийг дэмждэг онцлогтой.
Монгол Улсын Ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор хоногт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилтантай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. “Монгол сүүгээр дэлхийг ундаална” хэмээн алсын хараагаа тодорхойлсон тус компани энэ 2023 онд гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөжээ.