Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.
Энэ хүрээнд нэн тэргүүнд малын халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм, стандартыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийж байна.
Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85.624 тоннд хүрч, өмнөх оноос 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүний үр дүнд махны экспортын орлого 345.3 сая ам.долларт хүрч, дээд хэмжээндээ хүрсэн байна.
2025 онд нийлүүлсэн нийт махны 34.653 тонныг адууны мах, 22.528 тонныг боловсруулсан мах эзэлжээ. Манай улсын махны хамгийн том худалдан авагч нь БНХАУ бөгөөд нийт экспортын 62 хувийг дангаараа бүрдүүлж байна. Мөн экспортын 22 хувь нь Иран, Ирак зэрэг Булангийн орнуудад ногдож байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Цар тахлын нөлөөгөөр буураад байсан махны экспорт сүүлийн жилүүдэд эрчимтэй сэргэжээ. 2020-2022 онд экспортын хэмжээ дунджаар 45 хувиар буурч, 2022 онд 16.0 мянган тонн болтлоо багассан бол 2023 оноос эхлэн огцом өсөж, 80.4 мянган тоннд хүрсэн нь цар тахлын дараах хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Иймд цаашид махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг өргөжүүлэх чиглэлээр ХХААХҮЯ-нд дөрвөн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Цогзолмаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!