“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан улс орон даяар өрнөж байгаа билээ.
Болзолт уралдааны цар хүрээг өргөжүүлэх, хийгдэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Сүхбаатар дүүргийн “Гренобль” олимпын зөвлөл, Биеийн тамир спортын хороо, Боловсролын хэлтэс хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш нар, арга зүйчдийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Олимпик хауст болсон энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригбаатар, академийн дэд ерөнхийлөгч, АШУҮИС-ийн багш, доктор Б.Буяндэлгэр нар оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр доктор Б.Буяндэлгэр “Спорт ба олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн ач тус” сэдвээр илтгэл тавьсан бол МҮОХ-ны мэргэжилтэн Б.Өсөхбаяр МҮОХ-ны үйл ажиллагаа болон Олимпын танхимын үлгэрчилсэн загварыг танилцуулав.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлж, Олимпын музей үзэж сонирхсон юм.